АТГ-аас хандивын зарцуулалтыг олон нийтэд нээлттэй зарлах ёстойг сануулав
Хандивын зарцуулалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх зөвлөмжийг АТГ-аас гаргалаа.
Тодруулбал, дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад хандив өгч байгаа билээ.
Энэхүү хандивыг зарцуулахдаа иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлжээ.
Түүнчлэн тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой гэдгийг ч онцолсон байна.