Г.Өнөржаргал: Захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан баар, сауны газруудад арга хэмжээ тооцлоо
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Өнөржаргалтай ярилцлаа.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан Нийслэлийн засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар байгаа вэ?
Нийслэлийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаартай захирамжаар томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан 10 хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг давхардсан тоогоор шөнийн цэнгээний газар 125, ресторан паб 155, кафе 132, караоке баар 121, цахим тоглоомын газар 30, сүлжээ түргэн хоолны газар 29 нийт 592 аж ахуй нэгж байгууллагыг шалган нийт 9 зөрчлийг илрүүлэн холбогдох хуулийн тогтоомжийн дагуу шалган арга хэмжээ тооцож ажилласан.
Мөн захирамжийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулсан дээрхи газруудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт нь хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төв, “Барс-2” зах, “Имарт” худалдааны төв, “Дүүхээ” худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлж ажиллалаа.
Тухайлбал, давхардсан тоогоор архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг болон худалдан борлуулдаг 162 аж ахуйн нэгж байгууллагад, цахим тоглоомын газарт 20, үзвэр үйлчилгээний газар 1, хүүдийн тоглоомын газар 2 нийт 185 шаардлагыг хүргүүлж ажилласан.
Шалгалтаар ямар зөрчлүүд ихэвчлэн гарч байгаа вэ?
Нийслэлийн засаг даргын захирамжийг зөрчин шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан 6 дугаар хорооны Саун, 4 дүгээр хорооны Спайдер паб, 7 дугаар хорооны Кроун паб, мөн 9, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэд автомашинтайгаар гар дээрээс хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг нийт 11 иргэд,аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцож ажилласан.
Дээрхи аж ахуй нэгж байгууллага, иргэдэд Цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн “Шаардлага”-ыг биелүүлээгүй буюу Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /250.000/ төгрөгөөр хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх буюу /2.500.000/ төгрөгөөр торгодог. Цаашид ч ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ.
Иймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тогтоосон цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж, мөн архи согтууруулах ундааг хууль бусаар гар дээрээс худалдан борлуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр хэлтсийн алба хаагч нар ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх хэсгийг зөрчин, олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан бие зассан 54 хүнд 540,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож ажиллаж байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.