Д.Дашням: Хөвсгөл аймагт хөл хорионы хугацаанд гэмт хэрэг 66 ХУВИАР БУУРСАН

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямтай ярилцлаа

-Сайн байна уу.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-“Эрх чөлөө”сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Ховд аймаг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, мөн Эрүүгийн цагдаагийн албанд тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2019 оны 10 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

-Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн хугацаанд ямар ажлуудыг шийдвэрлэн ажиллав?

Хөвсгөл аймаг хүн ам ихтэй,  зуны улиралд аялал жуулчлалын  урсгал их  учраас  эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал онцлогтой. Цагдаагийн газрын даргаар томилогдоод хамгийн түрүүнд гэмт хэргийн буюу эрүүгийн, хэв журмын , замын нөхцөл байдлуудыг судлах, мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэргийн статистик дээр үнэлэлт дүгнэлт өгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ зохион байгуулах уу,  зорилтот бүлэг рүү хэрхэн хандах уу гэсэн дөрвөн чиглэлийг тодорхойлон нийт бие бүрэлдэхүүнийхээ  хамтаар ажиллаж байна. Тухайлбал эрүүгийн  нөхцөл байдал дээр мал хулгайлах гэмт хэрэг байна. Хөвсгөл аймаг  Булган, Завхан, Архангай, аймгуудтай хиллэдэг учраас мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд амаргүй байлаа. Гэвч эрүүгийн цагдаагийн тасаг болон нийт сумдын Хэсгийн төлөөлөгчдийн  мэдээ мэдээлэлд  үнэлэлт дүгнэлт өгөөд  холбогдох зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үндсэн дээр мал хулгайлах гэмт хэргийн гаралт өнөөдрийн байдлаар маш өндөр түвшинд буурсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг сум орон нутагт бүртгэлтэй хүмүүсийг тодорхойлж  зохион байгуулалтын арга хэмжээг Цагдаагийн байгууллагын зүгээс   хуульд заасан үндэслэл журмыг авч хэрэгжүүлснээр, малын хулгайн  бог, бод нийлсэн 300 гаруй мал алдагдсан  хэргийг энэ албыг авсан хугацаанд манай албан хаагчид илрүүлээд байна.

Басхүү хэв журмын нөхцөл байдлыг сахиулах ажлын хүрээнд Цагдаагийн газрын хэв журмын тасгийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байж, иргэд олон нийтийн дунд  нөлөөллийн ажлыг  зохион байгуулж  Мөрөн суманд  согтууруулах ундаа худалдан борлуулж байсан   “Гэрэлтэй цонх” нэртэй  дэлгүүрийн  үйл ажиллагааг таслан зогсоосон.  Ингэснээр шөнийн цагаар  гэмт хэргийн гаралт, зөрчил багассан. Гудамж, талбайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр осгож амь насаа алддаг хэрэг бүртгэгдсэнгүй. Дээрх газруудаас архи авсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Тэгэхээр ийм зөрчлүүдийн тоо тодорхой хэмжээнд буурч, эерэг үр дүн өгсөн.

 Мөн Хөвсгөл аймаг  2019 онд  зам тээврийн ослын улмаас  иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон хамгийн өндөр статистиктай  аймаг байсан. Энэ хүрээнд замын цагдаагийн тасгаас хөдөлгөөний эрчим нягтрал, хоёр талдаа   урсгал ихтэй замуудад пост байгуулах, тогтмол болон гэнэтийн үзлэг шалгалтыг зохион байгуулах чиглэлээр замын цагдаагийн тасгаас үе шаттай ажлуудыг хийлээ.

-Малаа хулгайд алдаад цагдаад бүртгүүлж хэргийн газар ажиллуулсан,  эзэн холбогдогчийг илрүүлж дорвитой хариу шийд өгөөгүй олон жил боллоо гэж малчид ярьдаг. Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн малын хулгай эзэн холбогдогч нь илрээгүй хэргүүдэд хэр анхаарал хандуулж ажиллав?

Малыг орон нутгийн түвшин анхаарах ёстой. Үеийн үед Монголын төр, цагдаагийн байгууллага малын хулгайн гэмт хэрэгтэй тодорхой  бодлогын хэмжээнд тэмцэж ирсэн.  2017 онд батлагдсан  эрүүгийн хуульд саяхан нэмэлт өөрчлөлт оруулсантай  холбогдуулаад  малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах  ял шийтгэлийн бодлого УИХ, ЗГ, иргэний түвшинд ч  2 жилийн хугацаанд алдагдсан.  2020 оны 1-р сард УИХ-аар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн  хуульд байгаа малын хулгайтай тэмцэх зүйлийн 17-12-т нэмэлт өөрчлөлт хийж тодорхой төрлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийг оруулсан. Энэ нь малын  хулгайтай тэмцэхэд эерэг нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тиймээс цаашид хүндрүүлэх бүрэлдэхүүнийг иргэд олон нийт, сум багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад  хор уршгийг нь ойлгуулан сурталчлан таниулах  нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Би өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс энэ талын тодорхой туршлага байсан учир урд онд бүртгэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй,  мал хулгайн  гэмт хэргүүдтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажилласны хүрээнд  сар шинийн байдлаар нөхөн илрүүлэлтийн түвшинд үр дүн гаргаж  манай Цагдаагийн газрын хамт олон 21 аймгийн хэмжээнд илрүүлсэн хэргээр дээгүүр байр эзэлсэн. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдээд  илрээгүй, иргэн хохирсон  гомдолтой байгаа асуудалд Цагдаагийн газар онцгой анхаарч байна. Аль болох хэргийг богино хугацаанд шалгах, шалгах явцад хохирлыг барагдуулах бүхий л талын арга хэмжээнүүдийг авч байгаа. Гэхдээ энэ нь цаанаа хууль, журам, хугацаатай байдаг учир бид хуулийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай болдог.

-Хөдөлгөөн нээснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Мөрөн хот хоорондын постоор  нийт хэдэн тээврийн хэрэгсэл, иргэд зорчив. Цагдаагийн байгууллагын хэдэн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бэ?

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 2020 оны 03-р сарын 03-ны өдөр зам нээсэнтэй холбогдуулан манай байгууллагаас 9 цэгт 24 албан хаагч 48  цагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Замын хөдөлгөөн нээгдэхэд аймгийн Цагдаагийн газраас иргэдийг зорьсон газарт нь аюулгүй хүргэх үүднээс санамж, сэрэмжлүүлэг тарааж, 50 км тутамд хяналтын пост, 100 км-т  аврах пост гаргаж, хурд хэмжигчээр хэмжиж, дрон нисгэж, хөдөлгөөнт  эргүүлүүдийг гарган ажилласан. Ингэж ажилласны үр дүнд  манай аймгаас гарсан 1200 орчим тээврийн хэрэгслийн дунд зам тээврийн осол, гэмтэл, зөрчил бүртгэгдсэнгүй. Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдал тодорхой хэмжээнд хангагдлаа гэж бид ажлаа дүгнэж байна.

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн 18 жолоочид  торгууль ноогдуулж, 725 жолоочид анхааруулга санамж өгч, 500 жолоочид 2 төрлийн 1000 ширхэг санамжийг тараасан. Хот хоорондын постоор  нийт 1036 тээврийн хэрэгсэл нэвтэрч 4269 зорчигч гарсан.  Мөрөн сум руу 1208 тээврийн хэрэгсэл 5331 зорчигч орж ирсэн.  Улсын хэмжээнд  24000 тээврийн хэрэгсэл, 83000 орчим иргэн  Улаанбаатар хот руу зорчсон байна.

-Хөл хориотой байх хугацаанд гэмт хэрэг, зөрчил буурсан уу?            

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоол ЦЕГ-ын даргын өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт шилжүүлсэн тухай тушаал, Аймгийн Онцгой комисс, Аймгийн Засаг даргын холбогдох  захирамж гэсэн 12 орчим эрх зүйн баримт бичгийн хүрээнд Цагдаагийн байгууллага 2020 оны 01-р сарын 24-нээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжин өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улсын чанартай, аймаг орон нутгийн замыг түр хязгаарласантай холбогдуулж аймгийн Засаг даргын хэд хэдэн захирамж, шийдвэр гарсан. Үүний нэг нь архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй байх шийдвэр байсан. Энэ хүрээнд Зөрчил эсрэгээрээ  тодорхой хэмжээнд өссөн. Гэмт хэрэг энэ хугацаанд 66 хувиар буурсан. Согтуугаар үйлдэгдсэн зөрчил буурч, хөл хорио тогтоосон үед хулгайгаар, хуурамч бичиг баримт ашиглаж нэвтрэх, фейсбүүкээр  архи согтууруулах ундаа зарах, корона вирустай холбогдуулан буруу ташаа мэдээлэл иргэдэд тараасан зэрэг нь  зөрчил өсөх шалтгаан болсон.

-Гэмт хэргийн илрүүлэлт ямар түвшинд байна. Цаашид танай байгууллага энэ талд хэрхэн анхаарч ажиллах бол?

2019 оны 2-р сарын 25-ны байдлаар гэмт хэргийн илрүүлэлт 24,5 хувьтай байсан.Өнөөдрийн байдлаар 33,5 хувьтай байна. Гэмт хэргийн илрүүлэлт шийдвэрлэлттэйгээ уялдаж явдаг учир илрүүлэлт цаашид өсөх боломжтой юм. Манай газрын хэмжээнд 59,5 буюу улсын дунджаас4,5 хувиар дээгүүр байсан. Энэ жил Цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлтийг 60 орчим хувь байлгах бодлого барьж байгаа учир энэ зорилтод түвшинд манай Цагдаагийн газар хүрч ажиллана.  

-Цахим орчинд зөрчил гаргаж буй иргэдийг илрүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. Энэ хүрээнд иргэддээ анхааруулж хэлэхэд?

 Иргэдэд тэр болгон хууль эрх зүйн мэдлэг байдаггүй.Тэгэхээр асуудалд мэдэхгүйгээсээ ч юмуу зарим зүйлд хөнгөн хандах, хийж буй үйлдлийнхээ нийгэмд илрэх хор уршиг, шинж чанарыг ухамсарлаж ойлгоогүйгээсээ болоод зөрчил,  гэмт хэрэгт холбогдох тохиолдол байдаг. Тухайлбал  2017 онд хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хууль дахь гүтгэх зөрчлийг 2020 оны 01-р сарын 20-ны өдрийн УИХ-ын нэмэлт өөрчлөлтөөр эрүүгийн хууль руу оруулчихсан. Энэ нь хэн нэгнийг цахим орчин, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж санаатай болон санамсаргүй байдлаар  нэр хүндэд нь халдсан мэдээлэл цацаж, түүнийгээ зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулаад явдаг байсан бол одоо эрүүгийн хуулиар гүтгэх гэмт хэрэг болж шалгагдаж шийтгэгдэнэ гэсэн үг.  Мөн Олон улсын шинж чанартай хөл хорио цээрийн өвчний талаар мэдээлэхээс зайлс хийх, зугтаах, энэ төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас  зайлсхийвэл гэмт хэрэг зөрчилд харъялагдах нөхцөл бүрдсэн байгаа. 

-Аймгийн Цагдаагийн газраас иргэд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ямар ажлуудыг хийж байна?

2019 онд Цагдаагийн байгууллагаас  Яараад яахав, Дураараа биш дүрмээрээ, Байгалиа хамгаалъя, Нэг хором зэрэг нийт 8 томоохон хэмжээний аяныг зохион байгуулсан. 2020 онд “Ятгах тусам нягтал” залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  аян өрнөлөө. Цаашид ЦЕГ-аас гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах аянуудыг орон нутгийнхаа хэмжээнд боломжит бүх тохиолдолд ач холбогдол өгч олон нийт, төрийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хөвсгөл аймгийнхэмжээнд архины хэрэглээ хязгаарлах,  хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд-Итгэлийн харц аян” хэрэгжиж эхэлсэн. Цагдаагийн газрын зүгээс аймгийн удирдлага болон  төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.   Аяны үр дүнг  долоо хоног бүрийн баасан гарагт Нийгмийн бодлогын хэлтэст нэгтгэн дүгнэж байна. Төрийн байгууллагууд идэвхтэй оролцож эерэг үр дүнгүүд гарч байгаа.

-Аймгийн Цагдаагийн газарт экологийн цагдаагийн орон тоо нэмэгдсэн. Энэ хүмүүс ямар үүрэг чиглэлийн дагуу, аль сумдад томилогдож байгаа вэ?  

Монгол Улсын Засгийн газраас Цагдаагийн байгууллагын бүтэц чиг үүргийг өргөжүүлэх чиглэлээр нэлээдгүй анхаарсан. Энэ хүрээнд  Экологийн асуудал хариуцсан 174 орон тоог шинээр бий болгосон. ЦЕГ-ын удирдлагаас дэмжсэний хүрээнд манай аймагт 1 ахлах байцаагч, 8 экологийн асуудал хариуцсан байцаагчийн орон тоог шийдэж өгсөн. Тус орон тоог бид аймаг орон нутгийнхаа онцлогт тааруулан  бүсчилж  Экологи, эдийн засаг, хүрээлэн буй орчны гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй  Хатгал, Ханх, Эрдэнэбулган, Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Улаан-Уул сумдад жигд байдлаар хуваарилсан. Мөрөн суманд экологийн асуудал хариуцсан байцаагч-1, эрүүгийн ахлах мөрдөгч-1 гэсэн албан хаагчид томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байна. Шинэ орон тоо бий болсноор хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэргийн илрүүлэлт огцом нэмэгдсэн.

-Байгууллагынхаа албан хаагчдынхаа гэр бүлд сэтгэлийн дэм хэрхэн хүргэж ажиллаж байна вэ?

Цагдаагийн газрын даргын ажлыг авснаас хойш  хамт олныхоо ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, стрессийг тайлах,  гэр бүлийнх нь уур амьсгалыг дэмжих ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал 2019 оны 4-р улиралд ахлагч бүрэлдэхүүнийхээ  гэр бүлийн зөвлөгөөнийг хийж, спортын арга хэмжээг  зохион байгууллаа. 2020 онд ажлын ачаалалтай холбогдуулаад албан хаагчдынхаа гэр бүлд байгууллагынхаа “Гэр бүлийн зөвлөл”-тэй хамтран талархлын ил захидал хүргүүлэн ажиллаа.

-Хөвсгөл аймгийн нийт иргэддээ хандаж хэлэхэд?

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ  хүрээнд постууд гаргаж, ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран  хэрэгжүүлэх хүрээнд цагдаагийн байгууллага нэлээд  ачаалалтай ажилласан. Долоон  сумаас бусад сумдад тус бүр хоёр цагдаагийн  албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, экологийн байцаагч, цагдаа нарын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр сум орон нутгийн удирдлагууд идэвх санаачилгатай ажиллахыг хүсье. Цагдаагийн байгууллага бол хуулийн хүрээнд хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана. Энэ жилийн хувьд онцлог жил.  УИХ-ын болон орон нутгийн сонгууль төлөвлөгдсөн байгаа. Олон улсын шинж чанартай халдварт өвчин зэрэг  байна. Тиймээс Цагдаагийн албан хаагчид 01-р сарын 24-нээс хойш өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бидний ажлыг ойлгож дэмжиж ажилласан Хөвсгөл аймгийн төрийн байгууллага, ТББ, ахмадууд, иргэд олон нийтэд Цагдаагийн газрынхаа нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийлье.

Ярилцсанд баярлалаа

Б.Гэрэлням

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614480
2 эможи

keyboard_arrow_up