Жилд 4,000 орчим өсвөр насны охид төрж, 70 хувь нь өрх толгойлсон ээж болдог
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Охидын хөгжил, манлайллын төлөө ажилладаг “Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Насанд хүрээгүй охидын төрөлт нэлээд өндөр үзүүлэлттэй байдаг юм байна Нарийн судалгаа бий юү?
-Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Гүнж” төвийн 2017 оны судалгаагаар улсын хэмжээнд 4,000 орчим охид төрж байна. Түүний 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг, 2019 онд ч энэ тоо буураагүй хэвээр байна. Энэ бол маш их тоо. Зөвхөн төрсөн охидын тоо. Үүний цаана үр хөндүүлж байгаа маш олон охин байна.
Харин хүүхдээ төрүүлж буй охидын хувьд олон хүнд саад бэрхшээлийг давж байж ээж болдог ба нийгмээс гадуурхагдах хандлагатай байдаг нь сэтгэл эмзэглүүлсээр байна. Нэгэнт төрчихсөн юм чинь гадуурхахаас илүү тэдэнд бид туслах ёстой.
-Ямар байдлаар гэдгийг тодорхой ярихгүй юу?
-Эдгээр ээж болж буй насанд хүрээгүй охид маань маш олон асуудлыг давж хүүхдээ төрүүлдэг. Гэтэл олон байдлаар нийгмээс шахагдаж, ад үзэгдэж, төрийн халамж бодлогоос гадуур үлдэж байна. Тухайлбал, өрх толгойлсон ээжүүд буюу дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд cap болгон 240 мянган төгрөгийн тэтгэмж авдаг.
Гэтэл өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн ээжүүд бол онцгой анхаарал хандуулах, яалт ч үгүй нийгмийн зорилтот бүлэг боловч тэр бүрчлэн төрөөс анхаарч буй тэтгэмж халамж байхгүй. Тэд сэтгэл зүйн асар их дарамтан дунд хүүхдээ төрүүлдэг, Хүүхэдтэй нь хамт гэрээсээ хөөчихсөн эцэг эхийн тухай хүртэл сонсож байсан.
Дийлэнх нь хүүхэд насны гэнэн томоогүй шийдвэрээр хүүхдээ төрүүлж байгаа ба 5-7 хувийг хүсээгүй жирэмслэлт эзэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Эцэг нь тодорхойгүй, ихэнх нь эцэг эхдээ хэлэлгүй тас нуудаг.
Ингэснээр эмчийн хяналтад орж чаддаггүй. Бараг төрөхийн өмнө нь ээж, аав нь мэддэг. Гэтэл эмчийн хяналтад орохгүй явна гэдэг эргээд тэр хүүхэд давхар эрсдэлд оруулдаг. Тэгэхээр бид өсвөр насандаа төрж буй охидын тоог бууруулахын тулд манай байгууллага Ерөнхий боловсролын бүх сургууль дээр “Охидын клуб” байгуулах уриалга гаргасан. Энэ ажлыг хийгээд бүтэн жил болж байна.
Өсвөр насны охид их хүчтэй дэмжиж 700 гаруй клуб зохион байгуулалтад орчихсон байгаа ч төрийн дэмжлэг яалт ч үгүй хэрэгтэй байна. Энэ клубийн гол зорилго нь охидод нөхөн үржихүйн мэдлэг боловсрол, мэдээллийг өгөх, охидыг чадавхжуулах гээд олон талын ач холбогдолтой.
Охид энэ клубтээ анхаарал тавьж сонирхож байгаа нь бидэнд урам өгдөг ба улам их зүйлийг тэдний төлөө хийх эрч хүчийг өгдөг.
-Эрүүл мэндийн хичээлийн программд нөхөн үржихүйн талаар ойлголт өгдөг нь хангалтгүй байна гэж үзэж байна уу?
-Хангалттай бус. Охидтой уулзаж ярилцаад явж байхад нөхөн үржихүйн хангалттай ойлголтгүй. Тодорхой танхим үзүүлэн байдаггүй. Энэ талын мэдээллийг зөвхөн найз нөхөд, интернет зэргээс авдаг гэдэг. Гэтэл найз нөхөд нь адилхан мэдээлэлгүй байгаа шүү дээ.
Охид нөхөн үржихүйн хичээлийг хөвгүүдтэй хамт үзэхээс ичдэг, багш, эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авахаас ичдэг. Дөнгөж 20 хувь нь эцэг, эхтэйгээ ярилцдаг байгаа юм.
Тиймээс төр асуудалд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжиж тодорхой ажлуудыг хийгээсэй гэж хүсэж байна. Үнэндээ манай улс хүүхдэдээ зарцуулж гаргаж байгаа хөрөнгө нь хангалтгүй бага, гар татаастай л байна. Олон улсын хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын дэмжлэгтэйгээр л энэ ажлуудыг хийгээд ирсэн хандлагаа өөрчлөхгүй байгаа нь харамсалтай санагддаг.
-Насанд хүрээгүй охидыг ээж болоход нийгэм гэхээсээ эцэг, эх нь хүртэл зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүсдэг байх. Энэ тохиолдолд тэд хаана хандах ёстой юм бэ?
-Маш хүнд нөхцөлд тэд амьдардаг. Эцэг, эх нь үр хүүхэдтэйгээ ярилцах, мэргэжлийн байгууллагад хандах, зөвлөгөө авах ёстой. Гэтэл ямар ч байдалд хүүхэд айж ичсэнээсээ болоод үүнийг нуун дарагдуулдаг.
Жишээлбэл, найз хөвгүүнтэйгээ ярилцаж байгаад хүүхэд төрүүлэх шийдвэр гаргасан нэгэн охин эцэг, эхдээ хэлэлгүй зургаа, долоон cap хүртэл гэдсээ дарж боогоод мэдэгдэхгүй явсаар төрөх дөхөхөд нь эцэг, эх нь мэдсэн. Харин найз хөвгүүнийх нь ээж аав хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ гадагшаа сургуульд явуулах нэрийдлээр нэг ёсондоо хариуцлага хүлээхгүй хаяж явсан байх жишээний.
Ингээд 15 настай тэр охин хамаг буруутгалыг өөртөө авч өрх толгойлсон ээж болон үлдсэн. Гол буруутан хүмүүс бол эцэг эхчүүд. Үр хүүхдээ анхаардаггүйн нэг шинж энэ асуудал дээр тодорхой харагдаж байна. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
Үе тэнгийнхнээсээ ичээд сургуулиасаа завсардчихдаг зарим хүүхдүүд, дээд боловсрол эзэмшээгүй, насанд хүрээгүй учир ажил олдохгүй, эцэг эхийнхээ гарыг харж хүүхдээ тэжээдэг.
-Тэгэхээр насанд хүрээгүй 4,000 ээжээс гадна шинээр мэндэлж буй 4,000 хүүхдийн асуудал яригдаж байна. Тухайлбал төрөөс ямар дэмжлэг нэн түрүүнд хэрэгтэй байна вэ?
-Тийм. Нэгэнт л хүүхдээ төрүүлчихэж байгаа хүүхдүүдийг бид цааш түлхэх биш, анхаарлаа хандуулах хэрэгтэй болчихоод байна. Үнэнийг хэлэхэд гэмт хэрэг хийсэн хоригдлоо хүртэл төр анхаарч хоол унд гээд хөрөнгө гаргадаг атлаа бүхэл бүтэн хүн төрүүлчихээд байгаа насанд хүрээгүй ээжүүдийг яагаад анхаарч болохгүй гэж.
Зарим хүмүүс төрөлтийг нь дэмжээд байгаа юм уу гэж шүүмжлэх гэдэг. Гэхдээ төрөхийг нь дэмжээд байгаа юм огт байхгүй, гэнэт энэ тоог бид ирэх жил гэхэд тэг болгож чадахгүй. Жилд нь 4,000 хүүхэд ээж болж цаана 4,000 хүн шинээр мэндэлж байна. Энэ чинь төр 8,000 хүнээ анхаарахгүй хаалганы цаана үлдээж байгаатай ялгаагүй зүйл биз дээ.
-Өсвөр насны охидын жирэмслэлт зөвхөн манай ч асуудал биш байх. Бусад оронд энэ тал дээр яаж анхаарч ажилладаг юм бол оо. Та судалж үзсэн үү?
-Германд гэхэд л хоорондоо үерхэж буй хүүхдүүдэд тусгай сургалт ордог юм билээ. Тухайн сургалтад яг л амьдрал дээр үүсэж болох асуудлуудыг хөндсөн байх жишээтэй. Хиймэл хүүхэлдэй байлаа гэхэд яг цагаар уйлна, хоол нэхнэ, усанд оруулах гээд үзүүлэнгийн зүйл их.
Хосууд хүүхдээ хооллоно, ундална гээд нөгөө үерхэж буй хүүхдүүдийг амьдрал дээр гарч аав, ээж болоход бэлэн үү гэдгийг л сорьж байгаа юм. Ингээд сургалтын төсгөлд хүүхдүүд “За бид дахиад бодож үзэх хэрэгтэй юм байна”, “Би бэлэн биш байна” гэж шийдвэрээ гаргаж ирдэг. Тэгэхээр бид ч гэсэн сургалтын хөтөлбөр дотроо сонирхолтой байдлаар энэ санааг тусгахад болохгүй гэх газаргүй.
-Охидын үзлэгийг халах ёстой гэж сүүлийн үед яригдах болсон. Зайлшгүй байх зүйлийн нэг ч юм шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага охидын үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд охидын бие, сэтгэл зүйд ноцтой хохирол учруулдаг, тэдний биеийг нийгмийн өмч гэж ойлгодог, боолчлох сэтгэлгээ, хоцрогдсон нормын илэрхийлэл, үүгээр онгон эсэхийг мэдэх ч боломжгүй гэдгийг сануулсан.
Дэлхий дээр охидын үзлэг хийдэг 20 орон байдаг, түүний тоонд Монгол Улс багтсаар байна. Үүнийг бол зайлшгүй халах ёстой. Ялангуяа орон нутаг, сумдад охид үзлэгт хамрагдлаа гэхэд эмч нь, багш нь нууц задруулахгүй байх атал тэрний тэр хүнтэй унтчихсан юм байна, тэр жирэмсэн гэж ирээд хов тардаг.
Энэ нь тухайн хүүхдийн чихэнд хүрснээр ямар хүнд нөхцөл байдал үүсэх үү гээд сөрөг тал ихтэй. Харин энэ үүргийг жилд заавал харьяалал харгалзахгүйгээр эмчийн үзлэг, туслалцаа авсан байх зэргээр эцэг, эхчүүдэд даалгах нь илүүтэй үр дүнтэй байх.
Би 4,000 гаруй гишүүнтэй охидын групп охидын үзлэгээр санал асуулга явуулахад 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан. Охид үзлэгт орох нь таагүй, онцгүй мэдрэмж төрүүлдэг гэж ярьж байсан.
Эх сурвалж.Өдрийн сонин