Г.МӨНХБАЯР: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг болно

2020 оны 3 сарын 06

Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, доотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тодруулбал Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа. Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 9, хяналтын 51 цэг, 21 аймагт хяналтын 285, сумдын хяналтын 630 цэгт орон нутгийн төр, захиргааны ажилтнуудтай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрийн авто замуудыг бүрэн хяналтад авч, мэдээ, мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээг байгуулан ажиллаж байна.

-Хоногт хичнээн алба хаагч хэдэн цагаар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд хоногт 975 цэгт 1125 алба хаагч, 755 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, хязгаарлалт тогтоосноос хойших хугацаанд нийт 37107 иргэн, 14247 тээврийн хэрэгслийг хот, суурин газарт нэвтрүүлж, 40299 иргэн, 13709 тээврийн хэрэгслийг хот, суурин газраас гадагш гаргахад хяналт шалгалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн.

Тухай бүр эмнэлэг, мэргэжлийн хяналтын байцаагч нар эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Хүйтэнд даарч зогсоо та бүхэнд иргэд халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлсээр байна. Зарим иргэд хоол, цай бариад очих нь ч бий?

-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сайн дурын үндсэн дээр нэлээдгүй санаачилга гарган үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад амны хаалт, ариутгалын бодис хандивлан, халуун хоол цайгаар үйлчлэн сэтгэлийн дэм үзүүлсэнд бид бүхэн маш их талархаж байна. Цаашид ард иргэд маань бидний ажлыг дэмжин ариутгалын хувцас, хэрэгсэл гэхээс илүүтэйгээр шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмж, тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас уриалж байна.

Хамгийн гол нь иргэдийн хувьд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд хамгийн том дэмжлэг байдаг юм шүү.

-Иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, та бүхний ажилд хүндрэл учруулах явдал гарч байна уу?

лон нийт тогтоосон хэм  хэмжээг даган мөрдөж, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, хүндэтгэлтэй хандаж байгаад талархалтай байна. Тусгаарлагдсан иргэдийн хувьд хэд хэдэн зөрчлүүд гаргасаныг цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комиссын шийдвэрийг биелэлтийг хангах хүрээнд хяналт тогтмол хяналт шалгалтыг явуулж, иргэдийнхээ аюулгүй амар тайван байдалын төлөө үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Та бид хамтдаа эрүүл, зөв байж эцэг өвгөдийн өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, аз жаргалтай, ихийг бүтээж хүссэн зорьсондоо хүрэхийн зэрэгцээ дэлхийд суу алдраа эгнэн бадруулж, мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнхөд орших болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614455
0 эможи

keyboard_arrow_up