“Тусгаарлалтад байгаа сувилагч бусдыгаа турхирч эмнэлгээс гарахаар завдсан”
Зарим иргэн Эрүүл мэндийн болон бусад байгууллагыг дэмжих үйл ажиллагаанд хангалтгүй оролцож байгаа аж. Цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй, уурлаж бухимдах хүмүүс цөөнгүй байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "COVID-19 халдвар нь дэлхий нийтийг цочроосон, хүнд хэлбэрийн өвчин байгааг нийт ард түмэн мэдэж байгаа. Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт онцгой дэглэм тогтооход орон нутгийн засаг захиргаа шуурхай ажиллаж, ард түмэн ухамсартай байсан явдалд баярласнаа хэлье.
Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд ажиллаж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй ажилд зарим иргэний хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүй байдлаас болж зөрчлүүд гарч байна.
Жишээлбэл, "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа буруу зүйлд уриалан дуудаж, жагсаал маягийн юм хийх гэж оролдсон.
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авч ирсэн согтууруулах ундааг уух гэж оролдсон. Бусдад саванд хийж тараах гэж оролдсон ба зарим өрөөний хаалга үүдийг татсан зөрчил гаргасан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гаръя гэж дураараа авирласан. Налайхын нэг хүн онгоцноос буугаад зугтаах гэсэн.
Монгол Улс хэдийгээр олон талын эрх чөлөөтэй орон боловч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тавигдаж буй шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн хатуу үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй хэн ч байсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцно. Бид тухай бүрт нь баримтжуулж байгаа ба тодорхой хугацааны дараа дэглэм дууссан хойно бүгдэнд нь хуулийн хатуу хариуцлага тооцох болно. Тиймээс зөрчил гаргахгүй байхыг онцгойлон хүсье" гэсэн юм.