Цэц дээр хүлээгдэж байгаа ГОМДЛУУД юу болов?

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Коронавирусын халдварын улмаас Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг хориглосон ч шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэж яриагүй. Гэтэл энэ өвчинтэй зэрэгцээд хаалгаа нам хаасан нэг шүүх байна.  Энэ нь Үндсэн хуулийн цэц юм. Тэд үнэхээр халдварт өвчнөөс айв уу, аль эвсэл цэц дээр очсон иргэд, хуульчдын гомдлоор маргаан үүсгэхээс сэргийлэв үү.  Ямартай ч сүүлийн  нэг сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн  цэц ямар ч өргөдөл, гомдол хэлэлцээгүй юм.

Одоогоор ҮХЦ-д эрхээ хамгаалуулах гэсэн 30 орчим иргэний өргөдөл, овоорсон гэх мэдээлэл байна.   Энэ дунд УИХ-аас сүүлд баталсан  хуулийн зөрчилтэй холбоотой өргөдлүүд ч байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй заал­туудаар иргэд мэдээлэл хүргүүлээд байна.  Гэвч Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэх асуудлаар ч ямар нэгэн шийдвэр гаргасангүй.  Яг л дургүйд хүчгүй гэсэн зарчмаар манай цэц ажиллаж байх шиг.

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна.  МАН Сонгуулийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ноцтой заалтуудыг оруулж баталсан. Одоогоор энэ төрлийн 10 орчим гомдол Цэц дээр хүлээгдэж байна. 

Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан гэснээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл байгаа юм. Мөн  саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох тухай заалтыг хөндсөн өргөдөл ч иржээ.  Гэтэл Цэц иргэдийн эрхийг хангаж ажиллахгүй, хаалгаар “хаасаар” байна.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой 4-5 өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд иржээ. Уг өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-аас тайлбар мэдээлэл авах учиртай ч . УИХ-аас тайлбар мэдээллээ гаргаж өгөөгүй гэх мэдээлэл бий.  Одоо ирэх тавдугаар сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл хүчин төгөлдөр болох гэж байна. Хуульчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг  2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2017 онд батлагдсан “Зөв¬лөл¬дөх санал асуул¬гын тухай” хуулийн дөрөвдүгээр  зүйлийн 4.4  дэх заалт, мөн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан УИХ-ын 2017 оны 39-р тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг билээ.

Түүнчлэн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэд хэдэн иргэн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.  Гэвч шаардлага хангаагүй, хуулийн үндэслэл нь дутуу гэсэн үндэслэлээр буцаагдсан гэх мэдээлэл байна.

Уг нь Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг.  Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, түвэгтэй бол уг хугацааг сунгаж болох хуулийн зохицуулалттай юм. Гэвч Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдол мэдээллийг  “хав дардаг” л байгууллага болоод удаж байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614400
0 эможи

keyboard_arrow_up