Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрүүдэд гэмт хэргийн дуудлага буурчээ

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл  шуурхай удирдлагын төв өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэл хотод болсон гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бүхий л дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирдэг.

Нэг ээлжиндээ 16 мэдээлэл хүлээн авагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг  тус төвд энгийн үед өдөрт  6000 орчим иргэн хандаж, 2000 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Харин  “Ковид 19” вирусийн халдвар  дэлхий дахиныг цочроогоод эхэлсэн нэгдүгээр сарын сүүлийн эхний  хоногт тус төвийн хамт олон өндөр ачаалалтай ажилласан байна.  Эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын  103 дугаарын утсанд хандах  иргэдийн тоо энгийн үеийнхээс  өсчээ. Оргил ачааллын үед  буюу нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт нэг өдөрт л 8000 орчим дуудлага бүртгэгдсэн гэнэ.Энэ үеэр  Цагдаагийн ерөнхий газрын даргаас үүрэг өгч иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэхийн тулд 103 дугаарын утасны мэдээлэл хүлээн авагчийн тоог 10 болгон нэмэгдүүлэн ажиллаж  эхэлжээ. 

Сүүлийн өдрүүдэд  Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  нэвтрүүлж, энэ чиглэлээр эрчимжүүлсэн арга хэмжээг авч байгаатай  холбоотойгоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хандах иргэдийн тоо буурч байгааг тус төвийн дарга,  цагдаагийн  дэд хурандаа Т.Лхагвасүрэн онцоллоо.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс гэмт хэрэг, зөрчил, гал түймрийн гамшиг осол, эмнэлгийн түрэн тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг”байгуулан, Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авч, уг иргэдээс гар утасны мессежээр 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл хүлээн авах программ боловсруулж, энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж байна.   

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл буурчээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус төвийн тусгай дугаарын 101/105, 102, 103 утсанд  хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 01-ний өдрүүдэд тусламж хүсэж 56169 иргэд, хуулийн этгээд хандсан байна. Үүнээс  тусгай дугаар 102 утсанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 10869 дуудлага иржээ.   Үүний 358 нь л гэмт хэргийн  шинжтэй дуудлага мэдээл байжээ.

Өндөржүүлсэн байдал зарлаад буй энэ үед хотын захиргаанаас бар, караоке, паб зэрэг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг хязгаарлаж, хяналт тавиад эхэлсэн нь гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага буурахад шууд нөлөөлсөн гэнэ.  2020 он  гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газраас явуулж  байгаа нөлөөллийн аянууд ч гэмт хэргийн бууралтад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Энгийн үед хоногт 1200-1300 дуудлага 102 дугаарт бүртгэгддэг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрүүдэд хоногт 700-800 дуудлага бүргэгдсэн байна.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд үүрийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр ажиллах цагийг нь  00:00 цаг болгож хязгаарлалт тогтоож өгсөн.

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч болон бие даан явуулж шөнийн цагаар  гар дээрээс согтууруулах ундаа  зардаг хэд хэдэн иргэдийг ч илрүүлж Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Ингэснээр   согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх  тохиолдол эрс буурсан байна.

Өвлийн улиралд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үүрийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлдэг талаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Ариунжаргал хэлж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард л гэхэд 26 иргэн өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсны    улмаас осгож амь насаа алдсан.

Шөнийн цагаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон иргэд гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад осгож амь насаа алдах эрсдэлтэй тулдаг нь дээрх жишээнээс харагдаж байна.

Цаашид шөнийн цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг хязгаарлаад өгчихвөл гэмт хэргийн гаралт буурах боломжтойг дээрх жишээ харуулж байгаа юм.

Онцгой  дэглэм тогтоогоод буй зарим газруудад энэ сарын 30-ныг хүртэл архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэрийг гаргаад буй.

Архи  худалдаалахыг хориглоод  буй Хөвсгөл аймагт ч  гэмт хэргийн дуудлага мэдээлэл багассан эерэг үзүүлэлттэй байна.

 

 Эх сурвалж: "Өдрийн сонин"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614388
0 эможи

Зочин
2020-03-05 01:39
уншигч
2020-03-04 21:23
Анархист ардчилалын гайгаар бүх муу юм дэлгэрч гэмт хэрэг хийх нь ихэссэн.одоо харж байхад монголчуудад анархист хэтэрхий бүх зүйлийг задгай тавьсан нийгмийн хөгжил үнэхээрийн зохихгүй гэдэг нь батлагдаж байна.хэрэв хяналттай журам дэглэмтэй болно болохгүйг ойлгуулсан тийм нийгэмд өнгөрсөн 30 жил явсан бол монгол улс нилээд хөгжсөн байх байлаа даа монглчуудаа
keyboard_arrow_up