П.Энхтайван: Аймаг, дүүргийн Засаг дарга нар хөдөлмөрчдийн эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй
Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /ХАБЭМТ/-ийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Энхтайвантай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил үүрэг, үр дүн болоод хууль эрх зүйн байдлын тухай тодруулж цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Танай төвийн бүтэц мөн таны ажлын чиг үүргийн тухай манай сонины уншигч нар сонирхож байгаа байх...,
-Юуны өмнө МҮЭ-ийн холбооны Төв хэвлэл “Хөдөлмөр” сониныг шимтэн уншиж байгаа нийт хөдөлмөрчдөдөө энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд ХАБЭА-н чиглэлээр төрд 29 жил ажиллаж байна. Манай ХАБЭМ-ийн төв нь 50 жилийн түүхтэй ХНХЯ-ны харьяа төрийн үйлчилгээний байгууллага. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллах Төрийн үйлчилгээг бид үзүүлдэг. Бүтцийн хувьд 4 газар, 6 хэлтэстэй, 100 гаруй хүн ажиллаж байна. Манайх Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхээс гадна ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Улсын хэмжээнд гарч байгаа хууль, дүрэм, журмыг сурталчилж, төр, хувийн хэвшилд харгалзахгүйгээр хөдөлмөр эрхэлж байгаа хэн бүхэнд ойлгуулахын төлөө ажилладаг. Ажил олгогч нарт үүрэг хариуцлагыг нь ногдуулах, үүргээ биелүүлэх эрхийг нь эдлүүлэх, хариуцлагыг тогтоох чиглэлээр 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт сургалт өгдөг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд амаргүй боловч, малчин, тариаланч, эмч, багш, офиссын ажилтан гээд хөдөлмөр эрхэлдэг хэн бүхэнд хүрч ажиллахыг зорьдог. Өнөөдрийн байдлаар Монгол улсад ХАБЭА-н чиглэлээр 9 бүлэг 37 зүйл бүхий нэг хууль, 30 гаруй дүрэм, журам, 130 орчим стандарт үйлчилж байна. Манай улс 2008 онд ХАБЭА-н тухай бие даасан хуультай болсон. Энэ хуулиар Монгол хүн өөрийн улсдаа ажиллаж амьдрахад эрүүл, аюулгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Хуулийн үндсэн тодорхойлолт нь ерөөсөө иргэн хүнийг аятай тухтай нөхцөлд хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр нь хангах явдал юм. Өнөөг хүртэл тус хууль таван удаа өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд 2015 оны тавдугаар сарын 15-нд 13 заалт өөрчлөгдсөн байдаг. Хуулийн хувьд маш сайн болсон гэж үздэг.
-Та хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлынхаа явцыг хангалттай гэж дүгнэх үү?
-Үнэндээ хэрэгжилт тааруухан байна. Энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал улс төрийн нөхцөл байдал мөн ажил олгогчдын хандлага гэх мэт. Тухайн албан тушаалтан үүргээ ойлгоогүйн улмаас ажилтнуудынхаа ХАБЭА-н нөхцөлийг бүрдүүлэхийн оронд хатуу шаардлага тавихаас л эхэлнэ. Ийн ажил олгогчид хуулиар олгосон эрх үүргээ ойлгоогүйн улмаас ажилтнаа өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх л ёстой гэсэн шаардлагыг энэ хуулиар тавьж болохгүй. Эхлээд тухайн ажилтныхаа ажиллах эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлээд дараа нь ажил хийхийг шаардах ёстой. Үүнийг ойлгуулах нь л бидний ажил юм. Нэг үеэ бодвол ажил олгогчдын хандлага өөр болж байгаа. Бидний туйлын зорилго бол төр, хувийн хэвшил үл хамааран ажил олгогчдод эрх, үүрэг, хариуцлагыг ойлгуулах явдал шүү дээ. Би ганцхан жишээ хэлэхэд аймаг, дүүргийн Засаг дарга нар тухайн аймаг, дүүргийнхээ хөдөлмөрчдийн эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг нь. Жишээлбэл, иргэн А аль нэг дүүрэгт явж байгаад осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдвал тухайн дүүргийн Засаг дарга өөрийнхөө дэргэдэх ХАБЭА-н орон тооны бус комиссыг ажиллуулж, тэр хүний эрүүл мэнд, эдийн засгийн бүх асуудлыг шийдвэрлэх ёстой ийм хуулийн заалт байдаг. Гэтэл зарим Засаг дарга нар энэ үүргээ ойлгоогүй учраас биелүүлдэггүй. Үүнээс болж тухайн иргэн эрүүл мэнд болоод эдийн засгаараа хохирдог. Тийм учраас бид ХАБЭА-н тухай хуулийг маш энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж сурталчлахгүй бол болдоггүй.
-ХАБЭА-н урьдчилсан сэргийлэх хэлтэст хэдэн хүн ажилладаг вэ? Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг хийхэд ямар бэрхшээл тулгарч байна?
-Манай хэлтэст зургаан мэргэжилтэн, нэг хэлтсийн дарга гэсэн найман хүн бий. Ийм орон тоогоор 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажиллах амаргүй л дээ. Тэгэхээр ямар бүтэц байдаг гэвэл ХНХ-ын сайдын 2017 оны А/33 дугаар тушаалаар 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Зарим аймагт орон тоогоор заримд нь давхар ажил хариуцуулаад өгчихнө. Эдгээр мэргэжилтнүүдийн дунд судалгаа хийж үзэхээр хамгийн урт хугацаанд гэвэл найман сар л ажилласан байдаг юм.
-Ийм богино хугацаанд ажиллаж байгаа гол шалтгаан нь юу байдаг юм бол?
-Төрийн албан хаагч ялангуяа удирдлагууд ХАБЭА-г ойлгохгүй байгаатай холбоотой. Тэр орон тоонд намын харьяалал, улс төрийн томилгооний хүмүүсийг авчихна. Тухайн аймгийн нэг сургуулийн захирал намын харьяаллаар ажлаасаа халагдахад аймгийн ХАБЭА-н мэргэжилтнээр ажилд авчих жишээтэй. Ихэнхдээ ийм л хүмүүс ажиллаж байна. Тэгэхээр ажиллаж байгаа хүн нь ийм тогтворгүй байхаар ХАБЭА-н жилийн болон дунд, урт хугацааны төлөвлөгөөт ажлууд яаж хэрэгжиж чадах юм. Ийм байхаар чинь тухайн аймгийн ХАБЭА-н ажлын хэрэгжилт ямар байх нь ойлгомжтой биз дээ. Тийм учраас аймаг, сумын Засаг дарга, багийн дарга нар шат шатандаа хуулийнхаа дагуу үүргээ эрх, үүргээ хэрэгжүүлж, харин үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг бидний зүгээс тавьдаг. Манайх МХЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилладаг. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан шалгалт хийж, хяналт тавьж ажилладаг. Зөвхөн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд л гэхэд тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь шаардлага хангаж байгаа болон хүн ажиллах боломжийг шалгаж, ажлын байранд хүний амь нас, эрүүл мэндээр хохирох нөхцөл байгаа эсэхийг тогтоож, эхний ээлжид хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах хугацаат үүрэг, зөвлөмж өгнө. Зөрчил гаргасан байгууллага маань өгсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажлаа буцаад бидэнд тайлагнадаг. Бид тайлангийн дагуу очиж дахин үнэлгээ хийж шалгана. Хэрвээ засч сайжруулаагүй байвал дараагийн шат буюу МХЕГ-ын Хяналт хариуцсан хэлтэс, газрын дарга нартай уулзаж тухайн байгууллагад ажиллаж байгаа иргэний ХАБЭА-н зөрчлийг танилцуулж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээг авч ажилладаг.
-Тэгэхээр ХАБЭА-н орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй, хууль зөрчиж ажилтнуудаа хохироож байгаа ажил олгогчдод ямар шийтгэл оногдуулдаг юм бол?
-Маш зөв асуулт байна. Ер нь хуулийн хариуцлага өндөр байдаг шүү. Хамгийн наад зах нь найман сар цаашлаад 15 жил хоригдох, бүр хүн амины хэрэгт холбогдох хууль зүйн заалт байдаг. Хүн өөрөө ямар үнэт эрдэнэ билээ. Тэр байгууллагын хамгийн үнэт нандин үнэт эрдэнэ бол ажилтан хүн байдаг. Үүнийг манай ажил олгогч нар ойлгодоггүй юм. Тэгээд л эдийн засаг хямарч байна гээд ажилтнуудынхаа орон тоог багасгаад цалин хөлсийг нь өгөхгүй зөрчил гаргаад эхэлдэг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд яагаад хүмүүсээ сайн ажиллуулж, ажилтнууд нь сэтгэл ханамжтай байдаг гэвэл тухайн ажилтанд хөдөлмөрлөх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, хөдөлмөрлөснийх нь хэрээр цалин хөлсийг нь өгч байгаа учраас ажилтан ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Гэтэл Монголын ажил олгогч нар хөдөлмөрлөснийх нь хэрээр цалин хөлс өгч чадахгүй байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй Барилга, зам, эрчим хүч, уул уурхай гэсэн дөрвөн салбарт ажиллаж байгаа залуус дандаа хөдөлмөрийн насны сайхан залуучууд байдаг. Гэвч хөдөлмөрийн нөхцөл нь байхгүй. Илүү цаг ажиллуулна, цалин хөлсийг нь дутуу олгоод ирэхээр ажилтны сэтгэл ханамж байхгүй болж ажил нь урагш явахаа больдог. Тийм болохоор бид МNS 4969:2000 стандарт, ХНХ-ын сайдын А/33 тушаалыг үндэслэл болгож сургалтыг явуулдаг. Үүн дээр ажил олгогчийн сургалт гээд тусгайлан заагаад өгчихсөн 12 цагийн хичээл байдаг. Гэтэл үүнийг гарчиглаж уншдаг нэг ч дарга байдаггүй. Энэ асуудал маш олон жил яригдаж байгаа. ХАБЭА-н тухай хууль анх батлагдахдаа л ажил олгогчийн сургалтын цагийн хичээлийг заачихсан байдаг. Таван эрх, 12 үүрэг бий. Ажилтныг ХАБЭА-н чиглэлээр мэдлэгийг нь шалгаж, мэдэхгүй байвал ажилд гаргахыг хориглоно гэсэн заалт бий. Ажил олгогчийн өөрийнх нь эрх нэг нь юм. Ажилтнаа сургалтад хамруулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүйн улмаас асуудалд орж, хуулийн өмнө бүлтгэнээд гүйгээд явж байгаа үүргээ ойлгоогүй дарга нар зөндөө байдаг. Олон ажил олгогч, санхүү, хэлтсийн дарга нар хуулийн хүрээнд хариуцлага үүрч байгаа. Бид муу зүйлийг ярихаас илүүтэй хамгийн сайн болж байгаа ажлыг түгээн дэлгэрүүлээд суралцах ажлыг ажлыг хийх хэрэгтэй. Яг энэ чиглэлийг баримтлаад эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэгч эрхэмлэгч байгууллагыг шалгаруулж шагнах ажлыг найман жил зохион байгуулсан. Ухаандаа ажил олгогч нарыг урамшуулж байгаа хэрэг юм. Бид шалгаруулахын тулд 21 аймгаар биечлэн шалгасан. Цагаан алчуураар цонхны тавцанг нь арчихад ямар ч хир буртаг гарахгүй байгууллага байдаг. Бид сайн туршлагыг бусдад түгээж, эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлж байгаа сайн жишээг таниулан сурталчилж, уриалж, ажил олгогчийн ажлын чинь үүрэг гэдгийг хэлдэг. Энэ хүрээнд бид сайн ажиллаж байгаа гурван аймгийн салбар хорооны дарга нарыг Германд 14 хоногийн сургалтад явуулсан. Хөдөлмөрчин хүний төлөө юу хийж болохыг нүдээр үзээд ирэхээр жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаад санхүү мөнгийг нь төсөвлөдөг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл өмнө нь 30 сая төгрөг төсөвлөж байсан бол энэ жил бид ХАБЭА-г хангуулах чиглэлээр 60 сая төгрөг зарцуулна гээд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан байх жишээтэй. Ингэж ойлгуулж байж бидний ажлын үр дүн гардаг.
-Өнгөрсөн жил “Эрүүл, аюулгүй ажлыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах журамд өөрчлөлт орсон шүү дээ. Яг ямар өөрчлөлт оров?
-Тэгсэн. Бид Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг ХНХ-ын сайдын 2014 оны тушаалаар хэрэгжүүлдэг юм. Бид энэ тушаалаар Эрүүл, аюулгүй ажлыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулахдаа эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн гэх мэт ямар салбар байхаас үл хамаарч төр, хувийн хэвшил гэж салгаж үзэхгүй нэг л шаардлагыг тавьж шалгаруулдаг байсан. Эрчим хүчний станцын удирдлагуудтай цэцэрлэгийн эрхлэгч нар уралдахад тохирохгүй шүү дээ. Тийм учраас бид сүүлийн гурван жилийн туршлагадаа үндэслээд өөрчлөх хүсэлтийг тавьсан. Энэ жилээс эхлэн Эрчим хүч, Уул уурхай, Зам, Барилга, төр, хувийн хэвшлээр зааглаж салбар бүрийг тусад нь шалгаруулахаар болж байгаа. Тэгэхээр аймаг, орон нутгаасаа шалгарсан байгууллагууд салбар зөвлөлөөрөө дамжуулан шалгаруулалтад оролцох юм. Шалгуур онооны үзүүлэлтийг 4 бүлэг заалтын 100 онооны асуултаар өгч дүгнэдэг. Ингэхдээ 100-гаас дээш ажилтантай байгууллага мөн доош ажилтантай байгууллагыг тусад нь шалгаруулдаг. Харин шалгаруулалтын ажлын хэсэгт есөн яамны төлөөлөл байдаг. Харин би ажлыг хэсгийг ахалж байгаа. Бид гуравдугаар сарын 1-н хүртэл шалгаруулалтаа явуулна. Одоогийн байдлаар аймгууд маш идэвхтэй оролцож байна.
-ХАБЭА-н чиглэлээр ажилладаг орон тооны бус зөвлөл салбар хороодын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах хэрэгтэй гэж та боддог вэ?
-Тийм ээ. ХНХ-ын сайдын шууд удирдлага дор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний орон тооны бус хороо ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар тулгамдаж байгаа асуудлыг оруулж, хуульд саналыг хүргүүлэх бололцоотой ийм орон тооны бус зөвлөл байдаг. Энэхүү зөвлөлийн салбар хороо нь есөн яам, 21 аймаг, дүүргийн Засаг дарга, орлогч дарга, эсвэл Тамгын газрын даргаар ахлуулсан байдаг. Тэд жил бүр аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, төсөв гээд хийж хэрэгжүүлэх ажилтай байдаг. Тухайн салбар хороодыг ажиллуулж байгаа ялангуяа ахлаад ажиллаж байгаа дарга нарын ХАБЭА-тай холбоотой хувийн мэдлэг байхгүй учраас хэрэгжилт муу байдаг. Бид МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон ажил зохион байгуулдаг. ХАБЭА-н бүсийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажил олгогч удирдлагууд сургалтад суудаггүй. Яагаад гэвэл санхүүгийн хүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хамааралгүй гэж ойлгодог. Гэтэл тийм биш шүү дээ. Дэлхий нийтээр зарласан байгаа Vision zero буюу Ослыг тэглэх алсын хараа компанит ажлын нэг заалтад, ажил олгогч нь өөрөө ХАБЭА-н мэдлэг ойлголтгүй бол энэ тухай байгууллага дээр яриад ч хэрэггүй гэдэг. Ажил олгогч нь ХАБЭА-н тухай хамгийн сайн мэдлэгтэй байж, энэ үйл ажиллагааг хийж байгаа хүмүүсийг хянаж, зөвлөхгүй бол ажил нь урагш явахгүй гэж үздэг. Ажил олгогчид бусдаас ичиж, ганцаарчилж сургалт авахыг хүсдэг. Сургалт өгөхөөр маш сайн ойлгодог. Тэгэхээр энэ жилээс бид хэрэгцээ шаардлагад үндэслэсэн сургалт хийх зорилтыг тавьсан байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Хөдөлмөрчдийн шимтэн уншдаг түүхт сониноор дамжуулан иргэдэд ХАБЭА-н тухай багахан ч гэсэн мэдээллийг хуваалцсандаа баяртай байна. Танай сонины хувьд хэзээд манай үүд хаалга нээлттэй байх болно. Сонины редакцын хамт олонд болон нийт уншигч нартаа ажлын амжилт хүсье.
Хөдөлмөр сонин
Т.Солонго