Эрхүүгээр дамжин БНСУ-аас ирсэн 38 монгол иргэнийг Сэлэнгэд тусгаарлав
Манай улс ОХУ-ын Эрхүү хотоор дамжин БНСУ-аас ирсэн 38 монгол иргэнийг 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө татан авч тусгаарлаад байна.
Тэднийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган татан авч Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийжээ. Ингэхдээ өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх асуулгатай 7 иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд ажиглалтад аваад байна. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой комисс болон МХЕГ-аас мэдээллээ.
Мөн өнгөрсөн 2 дугаар сарын 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306-р галт тэргээр орж ирсэн зорчигчдод мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, Монгол Улсын 4 иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.
Тодруулахад, УОК-оос БНСУ, Япон улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байхаар шийдвэрлэсэн юм. Харин БНСУ, Япон, Итали, Иран зэрэг гадаадын бусад улсаас ирэх гадаад иргэнийг нэвтрүүлэхгүй байхаар болсон юм. Мөн Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн нислэгийг 3 дугаар сарын 11 хүртэл цуцлаад байна.