Монгол Японы бизнес форум уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол-Японы Бизнес форум болон Монгол-Японы Бизнес эрхлэгчдийн танилцах уулзалт Токио хотноо амжилттай боллоо.
Монгол-Японы Бизнес форумын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож илтгэл тавьсан бөгөөд Японы бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулав. Мөн ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар зэрэг албаны хүмүүс оролцож, Японы бизнес эрхлэгчдэд Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.
Үдээс өмнөх Бизнес форумын арга хэмжээг дэлхийд нэр хүнд бүхий Японы 1300 гаруй аж ахуйн нэгжүүдийг эгнээндээ нэгтгэсэн Японы Бизнесийн холбоо (KEIDANREN) манай холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бол үдээс хойш болсон Монгол-Японы Бизнес эрхлэгчдийн танилцах уулзалтын арга хэмжээг Япон талаас ЖЕТРО байгууллага хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Монголын талаас Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ 1990 оноос хойш Японы хөрөнгө оруулалттай 500 гаруй компани Монгол Улсад бүртгүүлсэн байдаг бол зөвхөн өнөөдрийн нэг өдрийн арга хэмжээнд Японы 500 орчим аж ахуйн нэгж Монголыг сонирхон оролцож байгаа нь цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл аль аль талдаа их байгаагийн илрэл болсныг дурдав.
Түүнчлэн, хоёр талын бизнес эрхлэгчид Монгол, Японы Засгийн газар хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хөрөнгө оруулалт, худалдааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэсэн хүлээлттэй байгааг онцолж байв. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа Хөгжлийн Банк болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Япон улсад төлөөлөгчийн газраа нээх юм байна.