Л.Дашмягмаржав: Үдээс хойш Японы нислэгээр БНСУ-аас ирж буй 38 ЗОРЧИГЧ ИРНЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээр, хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав “Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, БНСУ, Япон улс руу үйлдэх нислэлийг хязгаарласан. Өчигдрийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болж Японоос ирэх нислэг хойшилсон. Өнөөдөр үдээс хойш 258 орчим зорчигчтой онгоц ирэх гэж байна. Энэ бол Японоос ирэх гэж буй хамгийн сүүлийн нислэг. Мөн Бангкок-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өнөөдөр өглөө газардсан. Үүнээс хойш түр хугацаанд нислэг байхгүй, хорьсон.
Өнөө өглөө нийтдээ гурван нислэгээр ирсэн 31 зорчигчийг түр тусгаарласан. Үдээс хойш Японы нислэгээр БНСУ-аас ирж буй 38 зорчигч ирж байна гэх мэдээллийг авсан." гэв.