“Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг саяхан авсан. Мөн маргааш нэмж 2,000 оношлуур авахаар ажиллаж байна“
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвар гарсан орны тоо нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй ч бид бэлэн байдлаа хангах ёстой. Засгийн газар нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн бэлэн байдлыг хангах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нөөцийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа" хэмээв.
Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ямар амны хаалт вирусээс хамгаалах вэ, оношлуур найдвартай юу гэх мэтчилэн эргэлзээ байгаа?
-Улсын хэмжээнд амны хаалтны дөрвөн үйлдвэр бий. Түүхий эдийн гол ханган нийлүүлэгч нь БНСУ болон Турк. Туркээс амны хаалтны түүхий эд авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх н.Мөнх-Очир ажиллаж байгаа. Боломжийн үнээр түүхий эд нийлүүлэх боломжийг судалсаар байна.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын Онцгой комисс хуралдаж, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн, сургууль, цэцэрлэгт карантин тогтоосон гэх мэтээр шуурхай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй.
Энэ хурал болсноос гурван хоногийн дараа Япон улсад дөнгөж үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн оношлуурыг хамгийн түрүүнд оруулж ирсэн. Эхлээд 200 ширхэг оношлуур, дараа нь 1,000 ширхэг оношлуур авсан бол саяхан 3,000 оношлуурыг аваад байна. Үүн дээр нэмээд маргааш 2,000 оношлуурыг авахаар манай яамны ажилтнууд ажиллаж байна. Тэгэхээр шинэ коронавирусийг оношлох оношлуурын хувьд асуудалгүй болох нь гэдэгт итгэлтэй байна.
Оношлуурт эргэлзэх иргэд байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбар амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусийн оношилгоог давхар хийсэн. Биеийн байдал нь хүнд, хөнгөн хүмүүсээс түүвэрлэн авсан энэхүү шинжилгээгээр хэнээс ч шинэ коронавирус илрээгүй.
-Хавар болж газар гэсэх цагаар элдэв халдвар гардаг тул манай улсын хувьд гол эрсдэлтэй хугацаа гэх хүмүүс байгаа. Энэ талаар ярилцсан уу?
-Эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн асуудал хамгийн чухал. Хэрэв тухайн гэр бүлд халдварт өвчин гарвал голомтын халдваргүйтлийг ХӨСҮТ, мал амьтны гаралтай халдварыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийдэг. Үүнээс гадна Улаанбаатар хотод ариутгал, халдваргүйжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 360 ААН байдаг. Айл өрх, албан байгууллагууд эдгээрт хандаж, ариутгал хийлгэх боломжтой.
|
|
Эх сурвалж: ikon.mn
|