Өнөөдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2020 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2020 оны 02 дугаар сарын 24-наас 02 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.