Сөүлд суугаа Монголын элчин сайдын яамнаас иргэддээ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
БНСУ-д шинэ коронавирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт, "БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын ЭМЯ-наас гаргаж буй зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:
- Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих.
Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339, Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа.
БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтойг зөвлөжээ. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авах юм байна.