П.Эрдэнэбат: Баталгаагүй зам, уул хадаар зорчиж өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, Засгийн газрын шийдвэр гарч, цагдаа дотоодын цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.
УОК-ын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлана.
21 аймаг, нийслэл хотоос гарч, орох автозамын гол уулзвар, гарц, баталгаат бус замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье." гэв.