Т.Түмэнжаргал: Ил задгай ХУДАЛДАА хийвэл 50 мянган төгрөгөөр ТОРГОНО
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэхээр хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийг тушаал, шийдвэрүүдэд тодорхой тусгаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд 3200 гаруй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтын явцад нийт 3700 гаруй зөрчил илрүүлснээр 66 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан. Үлдсэн зөрчилд албан шаардлага хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн.
Хяналт шалгалтын явцад чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй гарал үүсэл нь тодорхойгүй нийт 80 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлсэн. Мөн 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэсэн.
Үндсэндээ нийт 140 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс татан эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.
Үзэсгэлэн худалдааг зогсоосонтой холбоотойгоор гадуур ил задгай худалдаа ихсэх хандлагатай байна. Ялангуяа томоохон худалдааны төвийн гадна талбайд иргэд олноор ил задгай худалдаа эрхлэх болсон.
Өнөөдрийн байдлаар нийт 294 ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. Эдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнд 50 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа.
Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудалд салбар яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажиллаж байгаа." гэв.