Монголын автобусыг ОХУ-ын хилээс буцаажээ
Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Казахстан Улсын Нур-султан хотыг чиглэж явсан зорчигч тээврийн автобусыг энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Ташанта боомтоос буцаажээ.
Учир нь зорчиж явсан иргэдийн нэг ханиалгаж байсан тул тус улсын эрх бүхий байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй аж.
"ОХУ-ын Ташанта боомтод зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийх үеэр нэг оюутан зогсолтгүй ханиалгаж байсан тул эмч нар автобусыг буцаажээ.
Тухайн иргэнд Цагааннуур боомт болон Өлгий хотод эмчийн үзлэг хийсэн. Түүний хувьд архаг өвчтэй, эмчилгээ хийлгэж явдаг байсан бөгөөд ямар нэгэн аюултай шинж тэмдэг илрээгүй. Иймээс бид оюутныг Өлгий хотод үлдээж эмчилгээ хийлгэж, эдгэрсний дараа явуулахыг эцэг эхэд нь зөвлөсөн.
Тэд зөвшөөрч хүүхдээ авч үлдсэн тул автобус өнөөдөр дахин замд гарсан" гэж аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол хэллээ.
Иймд ханиалгатай, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүс автобусаар зорчин бусдад хүндрэл учруулахгүй байхыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.
Эх сурвалж: montsame.mn
|