Браво, Шуурганаар төөрч, бээрсэн иргэдийн амийг хилчид аварлаа
Дорноговь аймгийн нутгийн зарим хэсгээр энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга шуурч, Хатанбулаг сумын хоёр иргэн сураггүй болсныг хилчид олж алтан амийг нь аварчээ. Тус сумын Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар өнгөрсөн пүрэв гарагт цаг агаар муудаж, цасаар шуурч байхад малаа эргүүлэхээр гэрээсээ гарсан аж. Гэвч нүдгүй шуурганы улмаас төөрч, сураггүй болсон тухай мэдээлэл хилийн 0168 дугаар ангийн удирдлагад ар гэрийнхэн нь өгснөөр хилчид эрэлд гарчээ.
Дээрх ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг өнгөрсөн баасан гаргийн 09.45 цагт иргэн Д.Наранг Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газарт бээрсэн байхад нь олсон гэнэ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар тухайн өдрийн 16.00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэх газарт Б.Галбадрах эзэнгүй айлын хоосон гэрт, хоол хүнсгүй, бээрсэн байхад нь олжээ. Улмаар тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлснээр бие нь сайжирч гэртээ харьцгаасан гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
|