Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 98 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар 40950 мэдүүлэг гаргагч Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ АТГ-ын meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц 98.2 хувьтай байна.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл, Архангай аймгийн ЗДТГ, Сүхбаатар, Увс аймгийн ИТХ зэрэг байгууллагууд мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад тушаалтнаас 250 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 87 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ, Засгийн газрын гишүүн-62, Дэд сайд-12, Төрийн нарийн бичгийн дарга-12, Засгийн газрын агентлагийн дарга-30, УИХ-ын дэргэдэх байгууллагын дарга-5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-42, бусад-87 байгаа юм.
АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч маргааш буюу 2 дугаар сарын 15-ны өдрийн “Бямба” гаригийн 24 цаг хүртэл ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлэхийг анхааруулав.