Д.Чойжамц: Бид сүсэглэсэн хүмүүст коронавирусийн эсрэг үрэл тараана
Шинэ коронавирусээс сэргийлэх үрлийг Гандантэгчэнлин хийдээс хийж, тараана гэсэн мэдээлэл сошиал сүлжээгээр тархсан билээ.
Тэгвэл энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тайлбарласан юм.
"Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил"
Тэрбээр " Би цагаан сарыг цуцална гэдэг үг дээр жаахан дургүй байгаа. Хөл хорио гээд өөр амгалан үг хэлээсэй гэж бодсон. Үүний дагуу бид ажиллана. Бид гүрэм номоо уншиж байна. Энэ бол шашны хүмүүсийн ажил. Үрэл, утлага хийх тарни тоолон бясалгал хийх ажил нэлээд явагдаж байгаа Түвдэд нөхцөл байдал гайгүй байна. Бид тэр дагуу үрэл, утлага хийн иргэдэд тарааж байна. Энэ бол нэг талаар ард түмний шалгарсан ёс, уламжлал. Гандан 14 салбартай. Салбар бүрээр Лхам бурхан олон тахиж, 100 мянган удаа Дарь эх унших ажлыг өрнүүлж байна. Бид эх болсон зургаан зүйлийн дагуу ном хурж, уншиж аль болох олон хүн цуглуулахгүй талдаа зогсож байгаа.
Цагаан сарын заслыг заавал энэ цаг хугацаанд яараад хэрэггүй. Байдал намжихаар бид тусгай лам нар гарган цагаан сарын засал хийнэ гэж уриалж байгаа.
Ямар ч үед шашин шүтлэг үргэлжийн эрхэм байдаг. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, ном унших үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараая гэж бодож байгаа. Аль болох үймээн самуунгүй хийж чадна. Шашин шүтлэг гэдэг нь үргэлж байдаг. Сүсэгтэй орнууд бол та нар номоо унш л гэж лам нартаа хэлдэг.
Манай лам үрэл хийж, сүсэгтэн олонд тараах тухай ярьсан байна лээ. Түүнийг бүх хүнд тараах юм шиг мэдээлэл явсан. Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил. Бүгдэд нь албадаж өгөх гэж байгаа хэрэг биш бөгөөд эдгээнэ гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Сүсэгтэн олондоо тус болох сэтгэлээр хийж байгаа зүйлийг мушгиж болохгүй" гэв.