АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээнд нөлөөлж байна гэв
БНХАУ-д титэмт вирусээр нас барсан хүний тоо 1113-д хүрээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн Үндэсний комиссоос мэдээлжээ.
Тодруулбал, уржигдар шөнө энэ байгууллага 31 мужаас уушгины хатгаа тусгадаг энэ өвчний халдвар авсан 44653 тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс 38 мянга нь өвчилсөн хэвээр байгаа бөгөөд 8204 хүний биеийн байдал хүнд байна. Харин 4740 хүн эдгэрч, 1113 хүн нас барсан гэж мэдэгдэлд онцолжээ. Харин Хонгконгод энэ өвчний халдвар авсан 49 тохиолдол гарч, нэг хүн нас барсан гэж бүртгэгджээ. Мөн Макаод халдвар авсан 10 хүн бүртгэгдсэнээс нэг нь эмнэлгээс гарсан байна. Тайваньд вирусын халдвар авсан хүний тоо 18 болоод байгаа бөгөөд нэг нь эдгэрсэн аж.
Японы Эрүүл мэндийн яамнаас Ёкохама боомтод хөл хорионд байгаа “Диамонд Принцесс” хөлөг онгоцны зорчигчдоос халдварт өвчин илэрсэн 39 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн халдвар авсан 174 хүн байна гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Энэ өвчний тээгч байж болзошгүй хүмүүсийг Мехико хот болон Жалиско мужийн эмнэлэгт хэвтүүлжээ. Харин БНХАУ-ын болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хамрах хүрээ нь улам өргөжөөд байгаа Ковид-19 гэж нэрлэсэн энэ өвчнийг тараасан амьтныг олж тодруулахад анхаарч хамтран ажиллаж байна. Тэд энэ мэдээлэл нь ирээдүйд болон одоо энэ өвчнөөс сэргийлэх, анх энэ өвчин гарсан Ухань хотод тархсаныг ойлгоход тусална гэж үзжээ. Түүнээс гадна тэд ямар нэг төрлийн зэрлэг амьтнаас энэ өвчнийг хүнд халдаасан халдвар дамжуулагчийн үүргийг гүйцэтгэсэн холбоос байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.
Олон хятад эрдэмтэн энэ вирусын халдварыг тараасан амьтан нь сарьсан багваахай гэж онцолжээ Харин могой, үнэг, хуягт үлэг гүрвэл энэ өвчнийг хүнд халдаах боломжтой амьтан гэж нэрлэсэн байна. Энэ онол нь худалдаа, зэрлэг амьтдыг хүнсэндээ хэрэглэхийг эсэргүүцдэг байгаль орчны хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.
Мөн БНХАУ-ын парламент үүнтэй холбоотой хуулийг шинэчлэхээр шалгаж байгаа аж.
Энэ халдварт өвчин нь АНУ БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны гэрээний эхний хэсгийг хэрэгжүүлэхэд нөлөөлж болно гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайен мэдэгджээ. Тэрээр “БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авна гэж амласан байна. Учир нь энэ вирус нь БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж байгаа аж. БНХАУ-ын Боловсролын яам титэмт вирусын халдвар нэмж тархахаас сэргийлж сургуулиас гадуурх байгууллагуудын сургалт, дугуйланг хойшлуулахыг тушаасан байна.
Мөн зөвшөөрөлгүйгээр түрүүлж хичээл зааж болохгүй гэж анхааруулснаас гадна онлайнаар хичээллэхийг үүрэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.13 ПҮРЭВ № 31 (6256)