“Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай ярилцлаа.
-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-2019 онд улсын хэмжээнд хулгайлах гэмт 8,968 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос 3,360-аар буюу 23 орчим хувиар буурсан үзүүлэлт. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2,670 бүртгэгдсэнбайна.
-Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оноох ял шийтгэл зөөлөн байна гэ шүүмжлэл гардаг. Хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл ял шийтгэл нь хүндэрдэг.
Жишээлбэл, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, эсвэл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, түүх соёл, техник шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож байгаа тусгайлж хамгаалсан зүйлсийг хулгайлж үйлдсэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн зэргээс хамаарч хүндрүүлэн үздэг хуулийн зохицуулалттай.
-Ямар тохиолдолд зөрчил гэж үздэг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй мөн дээр дурдсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайлах зөрчлөөр шийдэгдэж байгаа.
-Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?
-Зөрчлийн тухай хуульд зааснаар хулгайлах зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэж байгаа.
-Өвлийн улиралд машины хучлага хулгайлах төрлийн зөрчил их гардаг. Ер нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?
-Өнгөрсөн онд энэ төрлийн хэрэгт 871 хүнийг илрүүлж баривчлах шийтгэл оногдуулсан. Дээр этгээдүүд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд зүйлсийг хулгайлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулсан гэсэн үг.
-Машины толь аваад сугалаад аваад явахад л баривчлах ялаар шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?
-Тийм. Ерөнхийдөө бусдын өмчлөлд байгаа ямарваа нэгэн зүйлийг хулгайлсан тохиолдолд жижиг гэлтгүй л хариуцлага тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.
-Илрүүлэлтийн тухайд ямар үр дүнтэй байдаг вэ. Нэг үеэ бодоход булан камержуулалттай болчихлоо?
-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 28 хувьтай байна. 2018 оныхтой харьцуулахад найман хувиар өссөн дүн мэдээтэй байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол ажиглагддаг. Энэ нь хулгайч нарыг өөгшүүлж байгаа үйлдэл.
-Хулгайн гэмт хэрэг гол төлөв хэдийд үйлдэгдэж байна вэ. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна?
-Орон байрны хулгайн гэмт хэрэг гол төлөв өдрийн цагаар үйлдэгддэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр иргэд ажилдаа яваад орон гэр нь эзэнгүй үлдэж байгаатай холбоотой. Тэгэхээр энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хөршийн холбоог сайжруулах, боломжтой бол орон гэрээ аль болох эзэнгүй үлдээхгүй байх, хаалгандаа аль болох далд цоож зүүж эзэнгүй гэдгээ мэдэгдүүлэхгүй байх, цонхондоо хамгаалалтын төмөр зүүх зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
-Удахгүй сар шинийн баяр болно. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэх гээд байдаг. Иргэдэд юуг анхааруулах вэ?
-Сар шинийн баяраар иргэд томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Энэ үед халааснаасаа бэлэн мөнгө, үнэт эдлэлээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Өөрийнхөө эд хөрөнгөнд эзэн болж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нэг талаараа өмч хөрөнгөө хамгаалах нь та бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин