ЦЕГ: Гудамж талбайд нус, цэрээ хаясан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно
Саяхан /2020.02.06/ Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэний торгохоор тогтов. Нэг талаар коронавирусийн тархалтаас шалтгаалан онцгой дэглэм тогтоосонтой, нөгөө талаар хөрс орчны бохирдолтой холбоотойгоор ийм захирамж гаргасан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу, хяналт тавин ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага өөрсдийн хяналтаа тавьж ажиллана. Түүнээс тусгайлан хянагч гэж гаргаж ажиллах боломжгүй байна” гэсэн юм.
Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуулиндаа оруулж өгсөн байдаг. Жишээ дурдвал Япон улсад энэ төрлийн зөрчилд 1000-10000 иен, Сингапур улсад 5000 сингапур доллар, Солонгос улсад 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль ногдуулдаг байна.
Харин манай улсад гурван жилийн өмнө ийм шийдвэр гарч байсан ч төдийлөн хэрэгжээгүй. Гэвч заавал зөрчлийн тухай хуулиас айж, сүрдэж биш харин иргэн таны болон үр хүүхдийн тань эрүүл тав тухтай орчинд амьдрах асуудал яригдаж байгааг ухамсарлах нь хамгаас чухал юм шүү.
Эх сурвалж: isee.mn
|