Туршилтын хороодод үнсийг ангилан ялгаж, тээвэрлэх ажил эхэллээ
Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороонд туршилтаар хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал СХД-ийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцлоо.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх, гэр байшингаа дулаалах, цахилгаан болон байгальд ээлтэй халаалтад холбох зэрэгт иргэдийн идэвх оролцоог бий болгосноор бид хамтдаа Улаанбаатар хотын утааг 38-45 хувь хүртэл бууруулж, тодорхой амжилтанд хүрч чадлаа. Энэхүү ажилд гар бие оролцсон иргэд, хороо дүүргийн ажилнууд, орон тооны бус ажилтнууд та бүхэнд нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Одоо бид энэ амжилтаа улам цааш ахиулах маш ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Ил задгай үнс хог хаягдал иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хог хаягдал нь зөвхөн байгаль орчин, нийгмийн асуудал болоод зогсохгүй эдийн засаг, нийслэлийн төсвийн хувьд ч үр ашиггүй зардал, алдагдлыг бий болгож байдаг. Бид энэхүү төслийг хэр сайн үр дүнтэй, хариуцлага, сахилга баттай хэрэгжүүлснээс 220000 айл өрхөд хэрэгжих томоохон төсөл шалтгаална” гэлээ.
Сайжруулсан түлшний галлагаанаас багагүй хэмжээний үнс гарч байгаа. Өвлийн улиралд төвийн 6 дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж буй нийт хог хаягдлын 48,2 хувийг үнс эзэлж байна.
Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материалд, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материалд, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэг технологийн туршилтуудыг хийж байгаа юм байна.
Мөн тэрээр хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт стандартын бус зуух хэрэглэж буй айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүдийг танилцуулах, айл өрх бүр хашаандаа мод тарих, хөрсний бохирдлоо саармагжуулах мэдээлэл сурталчилгаа хийж ажиллахыг уриалж, нэг мод тарихад 6 кг СО2-ийг шингээж, агаарын нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5, РМ10 болон хөрсний бохирдлоос үүдэлтэй нян бактериудыг өөртөө шингээж авдаг ач холбогдолтойг ” онцоллоо.
Хог ачигчаас жолооч болтлоо 15 жил ажиллаж буй СХД-ийн 3-р хорооны жолооч Б.Отгондашаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн хоёр дүүргийн 4 хороонд хог хаягдал болон сайжруулсан шахмал түлшний үнсийг ялган ангилах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү ажил нь танд хэр санагдаж байна вэ?
- Миний хувьд энэхүү ажлыг маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа. Би 10 жилийн хугацаанд СХД-ийн 3-р хороонд хог ачигчаас машины жолооч болтлоо ажиллаж байна. Ажиллах үед хүндрэлтэй асуудал нь айлууд хог, үнс хоёроо холиод хаячихдаг. Хэрэв хог, үнс хоёроо ялган ангилдаг болчихвол үнэхээр ажил хөнгөрнө. Өмнө нь ачигч байх үетэй харьцуулахад одоо хамаагүй цэгцтэй болж байна.
- Ахуйн хог үнсний хог хоёрын аль нь их байдаг вэ?
- Улирлын чанартай. Хүйтний улиралд галлагаа эхэлсэн үед үнсний хог их гардаг. Дулааны улиралд ахуйн хог хаягдал нь их байдаг. Дөрөвдүгээр сараас эхлэн үнсний хаягдал багасдаг.
- Өөрийн санаачлагаар ахуйн хог, үнсээ ялган ангилж хаядаг айл өрхүүд байдаг уу?
- Хог, үнсээр нь ялгаж хаядаг ажилтай хүмүүс байдаг шүү.
- Одоогийн байдлаар ачсан хог хаягдал, үнсээ хаана аваачиж байна вэ?
- Улаанчулуут хогийн цэг дээр аваачиж хаядаг. Үнсээ бол барилгын материалын үйлдвэр дээр хүргэж байна.
Нийслэлийн 202,000 гэр хорооны өрх жилд 600.000тн түлш хэрэглэж, 174.000тн үнс гарахаар тооцоолсон байна. Сайжруулсан шахмал түлшний үнсэнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийлгэхэд үнсэн дэх хүнд, хортой элементууд нь олон улсад барилгын материалд ашиглагдаж байгаа дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй, уурхайн карьер зэрэг байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглахад байгаль орчинд хортой шүүрэл үүсгэхгүй, цацраг идэвхт элементүүдийн идэвхийн хэмжээ нь барилга болон зам талбайд ашиглах МNS стандартын шаардлагыг хангасан байна.
Сайжруулсан түлшний үнсийг шингээгч материал болгон ашиглах Дутуу шатсан нүүрс ихээр агуулж байгаа учраас шатаалтын технологиор үйлдвэрлэдэг тоосгоны үйлдвэр зэрэгт ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Т.Дашмаа