Г.ОЧИРБАТ: МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ТУСЛАХ АЖИЛТАН
Монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГРИ Инвест” группын захирал Ганбатын ОЧИРБАТ-тай ярилцлаа.
– Таныг бага наснаасаа хөдөлмөрлөсөн гэж сонссон. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Наймдугаар ангиа төгсөх жил манай гэр бүлийн амьдрал хэцүүхэн болж ирсэн. Би ээждээ тус болохын тулд хичээлийнхээ хажуугаар хамт наймаанд явж, бараагаа зах, худалдааны төвүүдэд борлуулдаг байв. Ингээд 16 настай байхдаа зуны амралтаараа дэнжийн мянгын “Хүчит шонхор” захын толгой цувдааны тасагт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэр үед хүмүүс хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, амьдралаа хэрхэн босгодог вэ гэдгийг харж, мэдэрсэн. Хүний олон мөн чанарыг ч таньж, амьдралын олон өнгийг ч харж байлаа. Удалгүй анхны цалингаа авч их урам зориг, эрч хүч мэдэрч байснаа одоо ч мартдаггүй.
-Нууц биш бол анхны цалин хэдэн төгрөг авч байв. Түүнийгээ юунд зарцуулсан бэ?
– Тэр үед 2002 он байсан. Бүтэн сар хөдөлмөрлөсөн цалингаа халааслачихаад өөрөөрөө бахархах сэтгэл төрж, халаасаа байн байн тэмтэрч үзээд л /инээв/. Анхны цалингаараа ээждээ сүү аваад гэртээ орсон. Ээж тэгэхэд “Хүү минь ээждээ нэмэртэй том залуу болж дээ” гэж билээ. Тэр өдөр төрсөн гайхалтай мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.
-Дэнжийн мянгын толгой цувдайны тасгийн туслах ажилтнаас хэрхэн томоохон үндэсний үйлдвэрлэгч группын захирал болов?
– Тухайн үед Хүчит Шонхор зах 04:30 минутаас онгойгоод, 18 цагт тардаг байсан. Туслах ажилтан учраас ажил тарсны дараа цэвэрлэгээгээ хийж, талбайн хогоо шүүрдэж дуусаад гэртээ харьдаг байв. Тухайн үед манайх Зурагтад амьдардаг байлаа. Гэртээ харих цаг 20-21, хоолоо идээд унтах гэсээр 22-23 цаг болно. Нэг ёсондоо 4-5 цаг унтдаг гэсэн үг. Залуу болоод ч тэр үү эрч хүч ундраад, унтах цаг ч хайран санагдаад 3-4 цаг унтаж босоод хэн ч ажилдаа ирээгүй байхад ажил дээрээ очоод цэвэрлэгээний ажлаа жин тан болгочихдог байв. Энэ нь цагийг үр бүтээлтэй зарцуулж сурах суурь болж байж. Үүний үр дүнд манай хамт олон намайг илүү үнэлдэг болсон. (инээв)
-Намар нь сургуульдаа орсон уу?
-Би нэгдүгээр хорооллын Ирээдүй цогцолборт наймдугаар ангиа төгсөөд, сургуулийнхаа ойролцоох “Монгол фермер” коллежид элсэн орсон. Сурахынхаа хажуугаар ажлаа хийж байгаад сургуулиа төгссөн. Төгсөх үед “Дэнжийн мянга” хүнсний захын удирдлагуудаас санал хүлээж авсан нь одоогоор бол маркетингийн алба байсан. 20 нас ч хүрээгүй надад урам өгч бас хажуугаар нь хариуцлага ирж байгааг мэдэрч байсан. Ингээд захынхаа 20 гаран залуусыг хариуцан ажиллаж эхэлсэн. Ажлын туршлагагүй надад том боломж сорилт болсон л доо. Жилийн дараа Япон, Монголын төв”-д “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” нэртэй сургалтыг япон багш явуулж байсан нь цаашлах боломж ч өгсөн. Удирдах аргад суралцах шаардлагатайгаа мэдэрч ШУТИС-ийн КТМС-ийн “хүний нөөцийн удирдлага”-ын ангид суралцсан. Дипломын ажлаа бичихийн тулд MCS, АПУ, Витафит гэсэн гурван газарт “Цалин хөлсний системийг боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд судалгаа хийсэн. Өмнөх ажлын туршлага, эртэч зуршил маань энэ үед ч давуу тал болж судалгаа хийж байсан Витафит групп-д хүний нөөцийн албаны даргаар ажиллах саналыг захирал н.Магсаржаваас хүлээн авч сургуулиа төгсөхөөс 6-7 сарын өмнө тус байгууллагын Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж эхэлсэн.
-Нэг ёсондоо үйлчилгээний салбараас үйлдвэрлэлийн салбар луу шилжсэн байна шүү дээ? Салбарын онцлогоос хамаараад ялгаатай зүйл олон байсан байх?
-Тухайн үед танилцсан анхны үйлдвэр бол Вита ундааны үйлдвэр байлаа. Таны хэлдгээр худалдаа үйлчилгээний салбараас үйлдвэрлэлийн салбар луу ороход маш сонин мэдрэмж төрсөн. Нүдний минь өмнө нэг талаас ус, нөгөө талаас газ, нэг талаас сахар гараад үйлдвэрлэлийн шугам дамжлага явагдаж, чанар шалгагчийн шалгалтаар орж, шошго нааж, үйлдвэрлэсэн он сарыг нь тамгалаад хэрэглэгчдийн гарт очих бүтээгдэхүүн бэлэн болж буй энэ үйл явцыг хараад надад бас нэгэн өөр санаа төрсөн. Энд нэмүү өртөг шингээсэн анхны бараа бүтээгдэхүүн, анхны үнэ, чанар гардгийг ойлгосон. Ингээд 2010 оны сүүл үеэр Маркетинг борлуулалт эрхэлсэн дэд захирлын албан тушаалд очсон. Энэ үеэр зах зээлийн судалгаа хийдэг байсан учраас манай улсад дотоодын үйлдвэрлэл хангалттай байхгүйг анзаарч үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж бодсон. Тэр дундаа шинэ технологи, инноваци шингэсэн үйлдвэр оруулж ирэх ёстой гэж бодогдож эхэлсэн. Ингээд ажиллаж байх үед “Pepsi Cola”-г Монголд оруулж ирэх төсөл дээр гадаад дотоодын олон чадварлаг залуустай хамтарч ажиллаж, их ч зүйл сурсан.
-Манай улс одоо ч дэлхийн улс орны эдийн засгийн хөгжлөөс хоцорч байгаа. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тухайн үед БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй өсч байсан. Одоо ч өссөөр байна. Техник, технологи хурдацтай өсч байгаа энэ үед БНХАУ, Солонгос, Японы зах зээлийг судлах ёстой юм байна. Манай улс дэлхийн эдийн засгийн өсөлтөөс нэлээд хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гадаад багш нарынхаа сургалтын үр дүнд дэлхийн зах зээлийг сонирхох нүд маань нээгдэж 2012 оны эхээр БНХАУ-ын Хөбэй мужийн Янжау хотод докторын зэрэг хамгаалах боломж олдсон. Нэг жил хэлний бэлтгэлд суугаад 2013 оны цагаан сарын баяраар Монголдоо ирсэн. Энэ үед би эх орондоо юу хийж болох вэ гэж бодсон. Судлаад үзэхэд манай улс бичгийн цаас, сонины цаас, ахуйн хэрэглээний, өргөн хэрэглээний цаасаа 100 хувь импортоор авдаг нь тодорхой болсон. Зарим нэг компаниуд БНХАУ-аас цаас оруулж ирээд эцсийн бүтээгдэхүүн болгон савлаж зардаг цехүүдтэйг бас мэдсэн. Ингээд зах зээл байгаа нь тодорхой байгаа учраас үндсэн түүхий эдээр нь эх орондоо үйлдвэрлэж байж өртөг буурна гэдгийг ойлгосон.
-Хэзээнээс санаагаа цаасан дээр буулгаж, ажил хэрэг болгож, үйлдвэрээ байгуулав?
-2013 онд компаниа байгуулж, үйлдвэрийн төслөө бичсэн. “ТНГРИ инвест” гэдэг нэр бол уйгаржин монгол бичгээр “Тэнгэрийн инвест” гэсэн үг. Би компанийхаа нэрийг тэнгэрээс ирсэн хөрөнгө оруулалтыг алдах боломжгүй гэдэг утга санааг агуулж мөн Уйгаржин босоо бичгээ билэгдэж өгсөн. Анхны хөрөнгө оруулалтаа босгохын тулд ах эгч, аав ээж, найз нөхөд гээд надад итгэдэг ойр дотныхондоо хандсан. Тэгээд 2013 онд асар хурдацтай үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулсан. 2014 он гэхэд үйлдвэр маань ачааллаа дийлэхээ больж “Бараагаа авъя” гээд үйлдвэрийн гадаа хэрэглэгчид дугаарласан даа. Манай компаний бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ийм л хүчтэй хүрсэн. Үнэхээр бахархмаар санагдддаг юм билээ. Ажил хүнийг голдог хүн ажлыг голдоггүй гэж үнэн үг шүү. Хүн ажиллаж, хөдөлмөрлөж чадах юм бол амжилтанд хүрдэг гэдгийг тэр мөчид дэндүү сайн ойлгосон.
-Нэгэнт эрэлт үүссэн байхад нийлүүлэлтийг нэмэх нь эдийн засгийн хууль. Тэгэхээр компаниа өргөжүүлэх шаардлага бий болсон байх?
-Тийм л дээ. Тухайн үед Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 888-ын төслийг төрөөс дэмжинэ гэж зарлаад, төсөл хүлээж авах хугацаа нь дуусахад гурван хоног үлдсэн байсан. Өдөр шөнөгүй сууж төслөө бичээд, хүлээж авах өдрийн заасан цаг дуусахаас хэдхэн минутын өмнө хүргэж өгсөн. Азаар төслийг ЖДҮДС-аас дэмжсэн. Олон шаардлага, шалгуурыг давж “Өд” ахуйн хэрэглээний цаасны үйлдвэр хүчин чадлаа хоёр дахин нэмж чадсан. 2015 онд шинээр салфетик үйлдвэрлэдэг болсон. 2016 онд дахин ЖДҮДС-аас “Тоди” хүүхдийн живхээ үйлдвэрлэх зээл авсан. Бид эх орондоо анх удаа япон технологиор хүүхдийн живх үйлдвэрлэсэн. Дараа нь 2017 онд “Хатад” эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийн төсөл дээр ажиллан 2018 онд үйлдвэр ашиглалтанд орсноор бүтээгдэхүүн зах зээлд амжилттай борлуулагдаж байна. Мөн л япон технологиор бүтээсэн. 2019 онд “Амт” хэмээх монголын бүрэн автомат бэлэн гоймонгийн үйлдвэрийг оруулж ирлээ. Үйлдвэр барина гэдэг тийм амар асуудал биш. Инженер, техник, шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн газар олохоос эхэлнэ. Тэр газарт барилга байгууламж барихад хөрсний нуралт, суулт өгөх зэргийг нарийн судална. Сүүлдээ өөрөө инженер шиг л болчихдог. Өнгөрсөн хугацаанд манай групп ийм л ажлуудыг алхам алхмаар хийж гүйцэтгэсэн байна.
-Иргэдэд үндэсний үйлдвэрээ дэмжих сэтгэл байвч хоёр асуудал тулгардаг юм шиг санагддаг. Нэгдүгээрт, зарим нь хэт өндөр үнэтэй, хоёрдугаарт, хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангахуйц чанартай биш. Танай үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн эрэлттэй байдгийн учир нь юу вэ?
-Энэ асуултад суурь үндсээр нь хариулах нь зүйтэй байх. Хүн төрөхөөс үхэх хүртлээ 1000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Хүн бүрт өглөө босоод нүүрээ угаах хэрэг гардаг. Энэ хэрэгцээг хангах манай улсын брэнд болсон саван байна уу. Энэ мэтчилэн оо, сойз гээд хэрэглээ бүрээ авч үзэхэд бид хэдийг нь дотооддоо үйлдвэрлэж байна вэ. Энэ бол иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зах зээл нь байгаа боловч, түүнийг нь үйлдвэрлэдэг газар байхгүй байгааг илтгэж байна. Тэгвэл энэ асуудалд төр засгаас бодлогоор анхаарах ёстой. Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй, нэг бол чанаргүй байгаа нь хөрөнгө оруулалттай шууд хамааралтай. Олон үйлдвэр бий болгохын тулд хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Дэлхий нийт биднээс хөгжлөөрөө 30 жилийн өмнө байна. Учир нь тэд эрдэмтэн судлаачдынхаа гаргасан бараа бүтээгдэхүүний чанарын судалгаанд суурилаад технологио сайжруулчихаж байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах өртөг нь өндөр болдог. Тухайлбал хүүхдийн живх үйлдвэрлэдэг нэг шугам доод тал нь 3-4 тэрбум төгрөгийн үнэтэй. Тэгэхээр бүтэн үйлдвэр бий болгох хөрөнгө нь 20 орчим тэрбум төгрөг болно. Тиймээс дээр хэлсэнчлэн эрэлт байгаа нь тодорхой боловч үйлдвэр байгуулах хэмжээний хөрөнгө бидэнд байхгүй учраас өөрсдийн боломж нөөцөнд таарсан үйлдвэрлэл явуулж байна. Тэр нь хэрэглэгчийн шаардлагыг хангахгүй байх тохиолдол бий.
-Та тэгэхээр Монголд жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нэгдсэн бодлого алга гэж хэлэх гээд байна уу?
-Математик бол шинжлэх ухааны суурь гэдэг. Түүнтэй нэгэн адил үйлдвэр байгуулах технологийн эцэг бол цахилгаан. Тиймээс манай улс нэгдүгээрт дэд бүтэц, цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээгээ хангалттай хэмжээнд хүргэх ёстой. Дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдсэний дараа үйлдвэржилтээ зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Дээр дурдсан 1000 төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийд аль хэдийнэ үйлдвэрлэчихсэн. Тиймээс бусад улс орныг донор орон буюу хэрэглэгч болгодог. “Та нар эх орондоо үйлдвэрлэж байхаар биднээс аваад хэрэглэчих. Бид хамгийн хямд үнээр нийлүүлнэ” гэдэг. Тухайлбал БНХАУ-аас ямар нэг бүтээгдэхүүн монголын бизнесмен аваад зарахаар болоход тэр хүн тодорхой хэмжээний ашиг харна. Ингээд тээврийн зардал, гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, ажилчдын цалин хөлс гэх мэтчилэн бүх зардлаа тооцоод ашиг олох хэмжээний үнээр хэрэглэгчдийн гар дээр хүргэнэ. Эрүүл бизнес 15-20 хувь нэмж худалдаалдаг. Ингээд тухайн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлж байгаа компани мөн л өөрсдийн 15-20 хувийн ашиг олох хэмжээнд үнийг нэмнэ. Жижиг дэлгүүрүүд хэзээ ч 20 хувь нэмдэггүй 30 орчим хувь нэмдэг. Тэгэхээр яг үнэндээ, гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн өртөг ашгаа тооцоод 100 төгрөг байлаа гэхэд, хэрэглэгчийн гарт ирэхдээ бүх зардлаа нөхөөд 200-300 төгрөг болдог. Тиймээс бид аль болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх юм бол алхам алхмаар чанар нь сайжирч, өртөг нь буурах боломжтой.
-Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ байгуулна гэдэг манайх шиг хүн ам цөөтэй улсын бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байдаг гэдэг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?
-Тийм, тохиолдож байсан. Тухайлбал, бид “Тоди” живхээ үйлдвэрлэхийн тулд зургаан улсаас түүхий эдийг нь худалдан авдаг. Живхнийхээ гол түүхий эд модыг АНУ-ын компаниас нийлүүлдэг. Тус компанийн удирдлагуудтай уулзахад, сардаа 1-2 контейнр бүтээгдэхүүн авахаар гэрээ хэлцэл хийхийг хүсдэггүй. Тэд Ийм бага хэмжээгээр зарахгүй. Монгол гурван сая хүн амтай. Зах зээл бага. Танайхтай хамтарч ажиллахгүй” гэнэ. Тэгээд л монгол хүнийхээ ухааныг ашиглана. Тус компаний том хэрэглэгч нь хаана байна гээд судлахаар БНХАУ байдаг. Тэгэхээр нь БНХАУ-ын компанитай очиж уулзаад үнийн дүнгийн асар их зөрүүтэй хоёр өөр санал үйлчилдгийг ойлгосон. Хоёр контейнр авах бидэнд нийлүүлэх үнийн саналаас, хэдэн мянган тонноор захиалдаг БНХАУ-ын компанид нийлүүлэх үнийн саналын хооронд тэнгэр газар шиг зөрүү байсан. Ингээд бид АНУ-ын түүхий эдийг БНХАУ-ын компаниар дамжуулан авч байна. Энэ нэг талдаа амар. Дараагийн нэг жишээ бол “Өд” ариун цэврийн цаасны түүхий эдийг ОХУ-аас авдаг болно. Тэнд модны аж үйлдвэрийн парк байдаг. Нэг хэсэг модыг авсан бол буцаагаад тарьдаг. Ингэж явсаар байгаад анхны мод авсан газраа ирэхэд өнөөх хэсэг нь нөхөн ургачихсан байх жишээний. Тийм том байгууллагаас түүхий эд авах хүсэлтээ илэрхийлж, уулзах хүсэлт тавьснаас хойш долоо хоногийн дараа тэдэнтэй холбогдож чадсан. Тэр хугацаанд уйгагүй оролдлого хийсний үр дүнд сая гол хүнтэйгээ уулзаж чадсан. Энэ мэтчилэн өнөөдрийн бий болгосон амжилтад хүрэх зам тийм ч амар байгаагүй.
-Танай группийн 90 орчим хувийг 25-30 насны залуус бүрдүүлдэг гэж сонссон. Байгууллагын хамгийн чухал капитал хүний нөөцдөө хэрхэн анхаардаг вэ?
-Хэдийгээр би хүний нөөцөөр мэргэшсэн нь үнэн боловч тийм нарийн бодлогоор ажилчдаа барьдаг гэвэл худлаа. Монголчууд эртнээс хүний нөөцийн бодлогын талаар “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гээд хэлчихсэн. Ямар ч хүнийг урмаар тэтгээд байхад, тэр хүнээс асар өндөр бүтээмж гардаг. Хүн одоо болтол бүрэн судлагдаагүй амьтан. Хүн гайхамшигтай сэтгэлзүйтэй, тархитай байгалийн бүтээл. Тийм учраас ямар ч тохиолдолд удирдлагууд ажилтнуудтайгаа хамгийн сайхнаар харилцаж байх ёстой. Таарах бүртээ урмын үг хэлж байх ёстой. Магадгүй тухайн байгууллага ашиггүй ажиллаж байсан ч захирал нь ажилчдадаа урмын үг хэлээд байвал, тэндээс асар их урам зориг, эрч хүч авдаг. Бас нөгөө талд нь шударга байх зарчим. Чи ашиг олж байгаа бол бусадтайгаа хуваалц. Намар арвин ургац хураахын тулд хавар эрт газраа хагалж, үрээ цацаж, өдөр бүр услах, шарилж зэрлэгийг зулгаах зэргээр завсар зайгүй ажиллах хэрэг гарна. 4-10 сар хүртэлх зургаан сарын хугацаанд тасралтгүй ажилласан бол тэр хэмжээгээр үр шимийг нь хүртэнэ. Өгч байж авдаг байгалийн хуулийг хэн ч зөрчих боломжгүй. Ажилтнууддаа сэтгэл гаргах тусам чиний гаргасан сэтгэлийг хэд дахин нугалж ажилдаа гаргадаг. Манай ажилчдын 90 хувь нь залуус. Энэ үйлдвэрийг тэгшхэн газар байхаас нь надтай хамт байсан. Тэд яваад өгч болох л байсан, Зарим нь цалин ч үгүй ажиллаж байсан өдрүүд бий. Харин одоо бүгд үйлдвэрийн дарга, инженер ахлахууд болсон. Зарим нь удахгүй компанийн захирлууд болох байх. Компани ашиг олж байгаа бол ажилчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн бодлогтой байх ёстой. Бид юуны төлөө ажиллаж байна вэ гэхээр өөрийнхөө бас бусдын төлөө мөн эх орныхоо төлөө. Тиймээс тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх талаар тийм ч хүндрүүлж бодох хэрэггүй. Манайх жил бүр шилдэг ажилчдаа байр, машинаар урамшуулахаас гадна гадаад дотоодод аялуулж бусад орны хөгжил дэвшлээс суралцуулдаг. Ер нь залуусын амьдралын баталгааг хангаад өгөхөөр ар гэртээ санаа зоволгүй сайн ажиллах боломж бүрдэнэ. Учир нь би өөрөө тийм амьдралаас өндийсөн өөрийнхөө амьдрал, туршлагаар үүнийг баталсан.
Туслах ажилтан хийдэг байсан Очирбат одоогийн амьдралыг, өдий дайны үйлдвэрлэлийг бүтээхийн тулд бүх зүйл амар байгаагүй. Надад шантрах, цуцах, айх, эмээх олон зүйл байсан ч миний зорилго намайг үргэлж урагш түлхэж байдаг.