“ Ёндоотой картын эхний азтан энэ сарын 12-нд тодорно“
“Улаанбаатар смарт карт” компаниас "U money" картын цэнэглэлтэд шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршиж буй болон "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Урамшуулалт хөтөлбөрт хугацаатай карт, хөнгөлөлттэй карт болон оюутны карт хамрагдахгүй"
Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул “Урамшуулалт хөтөлбөрийн тухайд карт дээрх 16 орны сүүлийн 6 орон тоогоор азтангаа шалгаруулна.
Тухайлбал:
- Сүүлийн 4 орон таарсан хэрэглэгч бол 100 хүртэлх азтанд сарын хязгааргүй зорчих карт бэлэглэнэ.
- 5 орон таарсан 10 хүртэлх азтан 500,000 төгрөгийн урамшуулал олгоно
- 6 орон таарсан 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно.
Нийслэлийн төсвөөс энэхүү хөтөлбөрт ямар нэг байдлаар санхүүжилт гаргаагүй бөгөөд Улаанбаатар смарт карт компанийн таван жилийн ойн хүрээнд хэрэглэгчдээ урамшуулж буй хөтөлбөр гэдгийг онцлох нь зүйтэй.
Хэрвээ тухайн азтан нэг сарын дотор ирж, шагналаа аваагүй тохиолдолд тухайн шагналын санг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.
Эхний азтан ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 18:50 цагт тодорно.
Түүнчлэн энгийн, хүүхдийн гэх мэт төлөлт хийж авч байгаа картууд сугалаанд оролцох боломжтой бөгөөд хугацаатай карт, хөнгөлөлттэй карт болон оюутны карт хамрагдахгүй”гэлээ.
Тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагийн 18:50 цагаас UBS телевиз болон "Улаанбаатар смарт карт" пэйж хуудсаар шууд дамжуулах аж.
Азтан болохын тулд:
- Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард картаар 10-аас дээш удаа зорчсон байх
- Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх шаардлагатай.
Түүнчлэн Umoney.mn сайтаар дамжуулан хэрэглэгчид бүртгүүлээд төлбөрийн дэлгэрэнгүй гүйлгээг харах боломжтой аж. Картаа сайттай холбосноороо азтан болсон тохиолдолд шууд холбогдох бололцоог бүрдүүлэх тухай албаныхан онцлов.