Академич Д.Цэрэнсодном: Олон түмэн гэр гэртээ золгоход л болно
-ОРЧИН ҮЕД БАЯРЛАХААС ГАДНА ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ, АЮУЛГҮЙ ТЭЭВЭР ЗЭРЭГ АЛИВАА ЭРСДЭЛЭЭ Ч ЗӨВ ТООЦОХ ЁСТОЙ-
Урд хөршид коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай улс хилээ хааж, Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар болсон. Иймд өв уламжлалаа гажуудуулахгүйгээр Цагаан сарыг хэрхэн цомхон, чирэгдэл багатай тэмдэглэх талаар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа. Тэрбээр Цагаан сарыг хэрхэн тэмдэглэхтэй холбоотой хэд хэдэн бүтээл, өгүүлэл хэвлүүлж байсан юм.
-Юуны өмнө үндэсний өв уламжлал болсон Цагаан сар ямар утга учиртай талаар ярилцлагаа эхэлье?
-Хүн хорвоод мэндлээд нас нэмсний баяр, шинэ онтой золгосны баяр ч гэж хэлж болно. Ийм учраас аль ч улс үндэстэн ялгаа байхгүй хуучин оноо үдэж, шинэ оноо угтах ёсыг эрт дээр үеэс тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд Хүннүгийн үеэс намар цагт сүүн сарын баяр гэж тэмдэглэдэг байсан тухай түүхэнд бий. Сүүлд Чингис хааны үеэс өвлийг өнтэй давсны баяр болгож хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу бар сард бүх нийтээр тэмдэглэх болсон. Миний олж үзсэнээр Цагаан сар их зовлон үзсэн баяр юм. Намайг бага байхад Цагаан сар хийж, би морь унаад айлуудаар хэсдэг байлаа. Гэтэл маршал Ч.Чойбалсан нас барсны дараа Цагаан сарыг хорьсон. Мөн малчдын Цагаан сар хэмээн нэг хэсэг тэмдэглэсэн.
-Монголчууд Цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Заримдаа хэн нь том ууц, идээ засч байгаагаар уралдаж байгаа мэт санагддаг. Үүний хөлд олон хүн чирэгдэх нь бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Цагаан сарын үүх түүхийг харахад сонин дүр зураг харагддаг. Цагаан сарын ёс заншил, уугуул төрхийг төв суурин хүмүүс их эвдсэн. Одоо ч эвдэж байна. Д.Нацагдорж яагаад “Цагаан сар ба хар нулимс” гэж өгүүлэл бичив ээ. Тэр үед хүрээний баячууд хэтэрхий их тансаглаж барлаг ардыг хөлдөө чирж байсан. Иймээс их зохиолч тухайн үеийн нөхцөл байдлыг буулгасан нь тэр юм. Тухайн үеийн нөхцөл байдал одоо ч байна. Төв суурин газрынхан баярхаж, тансаглаж, Цагаан сарыг хэт дэвэргэснээр бусдыг хөлдөө чирдэг. Өнгөрсөн жил хогийн цэг дээр хэвийн боов, ууц хаясан байсан. Энэ арай дэндэж байна. Ингэж баярладаггүй юм. Хөдөө бол мах муудна гэж байхгүй, агаар нь сайхан. Харин хотынхон орон сууцанд амьдарч байна. Ууц чанаад жүжиг тавьж байгаа юм шиг шөнө тагтан дээр гаргаж, өдөрт оруулж ирдэг. Ингээд хэдхэн хоноод л нөгөө ууц доороосоо ногоороод ирдэг. Нэгэнт ногоорч муудсан ууцыг хаяж байна. Ер нь хотынхон ууц тавих ямар хэрэг байна аа. Нэг төлөг онд оруулж чадахгүй байж ийм байдлаар малын амь гарздах шаардлагагүй. Тэгээд бүр идсэн ч юм байхгүй муутгаад хаяж байгаа нь уламжлалаа алдсан үйлдэл. Ууцыг орлох мах гэж бий. Дал дөрвөн өндөр үе сүүлтэй чанаад, дээр нь уураг сүүл тавиад л болоо шүү дээ.
Мөн гучин хэдтэй залуучууд цаанаас нь өөрөө харагдахгүй шахам идээ засах юм. Тэгээд идэж чадахгүй хатаагаад хогийн цэг дээр хаяж, нохой шувуунд өгч байна. Энэ бол уламжлалаа дээдэлж байгаа хэрэг биш. Хатуухан хэлэхэд хүн ёсоо алдсан үйлдэл. Энэ жил вирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сар хумигдах шинжтэй байна. Энэ нь ч зөв. Хүн төрөлхтөн ёсоо дагахгүй бол ёс бусын гай нөмөрч ирдэг юм шүү дээ.
-Монголчууд Цагаан сараар буурлуудаа хүндэлж заавал очиж золгодог. Энэ жил айл хэсээд байж болохгүй нөхцөл байдал үүслээ?
-Байгууллагууд Цагаан сарын өмнө ахмадуудаа хүлээж авна гээд бужигнадаг. Цагаан сарын дараа ахмадуудтайгаа золгоно гээд гэрээр нь хэсч, амар заяа үзүүлдэггүй. Золгоно гэж зовооно, эргэнэ гэж илээнэ гэсэн хуучны үг бий. Энэ нь баяр биш зовлон, тээр болж байгаа юм. Ийм учраас насны урт нь сайн, найрын богино нь сайн гэсэн үг бий. Би Цагаан сарыг хумих нь зохистой гэж үздэг. Энэ жил төрийн золголт байхгүй, бөх барилдахгүй гэлээ. Тийм учраас олон түмэн гэр гэртээ золгоход болно. Яахав, төрсөн үр хүүхдүүд нь аав, ээждээ ирээд золгодог юм байгаа биз. Түүнээс биш хамаатан садан гээд айл хэсэх хэрэггүй. Ер нь монголчууд шинийн 8, 15-ны дотор амжиж золгох ёстой гээд айл хэсээд явдаг. Энэ бол хоцрогдсон зүйл. Шинийн 1, 2-нд багтаж золгоод, түүнээс хойш айл хэсэхээ болих хэрэгтэй.
Хоёрдугаарт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгаас надад мэдээ хүргүүлсэн. Үүнд айхавтар ноцтой баримтууд байна лээ. Цагаан сарын дараа элэгний суурь өвчин, нойр булчирхайн өвчлөл бусад үеэс гурав дахин их тохиолдож байна. Энэ бол тоглоом биш. Монгол орон дөрвөн улиралтай. Хавар нь элэг, зун нь гэдэс, зүрх, намар нь уушги, өвөл нь бөөр, самсай сунадаг. Гэтэл хавар элгээ хичээх цаг дор айл хэсээд тав, гурван бууз, банш зэргээр хэмжээ хязгааргүй зооглодог. Ингэснээр ходоодыг тамлаж, элгийг муутгаж байна. Энэ буруу зуршлыг өөрчлөх цаг болсон. Өвөрмонголчууд аль хэдийнэ өөрчилсөн байна лээ.
-Ямар байдлаар өөрчилсөн байна вэ?
-Тухайн овгийн хамгийн өндөр настай, хүндтэй хүн гэж бий. Тэр хүндтэй хүнийгээ тойроод ах дүүсээрээ ресторан, эсвэл нэгнийхээ гэрт цуглаж сайхан хооллоод бие биеэ танилцуулдаг. Ноднин ганцаараа байсан хүн энэ жил эхнэртэй болж болно, шинэ хүн мэндэлнэ. Энэ болгоныг ах дүүсдээ танилцуулаад цугладаг. Ийм л байхад болно. Төвөг, чирэгдэл багатай. Мөн элдэв осол гэмтлээс ч сэрэмжилнэ. Ер нь баяр наадмын үеэр гэр бүлээрээ айл хэсч байгаад авто осолд өртөх тохиолдол элбэг байдаг. Энэ нь айлд ороход хундага барьдаг, мөн золгуут хийхээр орон нутаг руу яардаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Орчин үед баярлахаас гадна зохистой хооллолт, аюулгүй тээвэр зэрэг аливаа эрсдэлээ ч зөв тооцох ёстой. Цаашид манайхан Өвөрмонголчуудын жишгээр цагаан сараа тэмдэглэвэл зүгээр санагдсан. Энэ жилийн тухайд гэр гэртээ золго.
-Ахмадууддаа заавал хүндэтгэл үзүүлэхгүй бол гомдоно хэмээн зорьж очдог. Хүндэтгэл үзүүлэх өөр дэг жаяг бий юү?
-Байлгүй яахав. 61, 73, 85, 97 настай, мөн жил нь орсон ахмад хүнд бэлэг хүргэдэг уламжлалтай. Ах дүүсээ нэг нь төлөөлөөд бэлэг хүргэчихнэ. Сайхан зүйл бичиж болно. Өөрсдөө санаж сэдээд өөрийн гар орсон бэлэг хүргүүлбэл тун сайхан. Хөөрөгний даалин, сайхан засаад бэлдсэн дөрвөн бэрхийг угалзтай уутанд хийгээд өгсөн ч бэлэг шүү дээ. Бэлэг үнэтэйдээ биш, утга чанартай байх нь чухал. Гараар хийсэн хэвийн боов, настай хүний идэх дуртай зөөлөн боорцог, хэрэгцээтэй бусад зүйлс юу байна, түүгээр гар цайлгах хэрэгтэй. Хошуу ноён, хошууны тамгын газраас онцгойлон дээрх насыг зооглосон хүнд бэлэг хүргэдэг байсан уламжлалтай. Ийм хөнгөхөн байдлаар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж болно. Түүнчлэн, хүүхдэд бэлэг өгнө. Бусад хүнд бэлэг сэлт барих ер хэрэггүй. Энэ жил Эрээн рүү бэлгэнд шогшдог байдал намжих нь дээ гэж бодож байгаа.
-Хүүхдэд ямар бэлэг өгвөл тохиромжтой вэ?
-Энэ жил айл хэсээд байх шаардлагагүй. Ер нь цаашид хүүхдэд дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, танин мэдэхүй, ой ухааныг хөгжүүлэх зүйлс бэлэглэж байвал сайн. Эсвэл өөрийн гар оролцож бий болгосон зүйлс бэлэглэх нь бэлгэшээлтэй байдаг.
-Идээ засахын тухайд тодруулахгүй юу?
-Заавал төдөн үе идээ засна гэсэн зүйл байхгүй. Гурван боовон дээр еэвэн тавиад цагаан идээ тавьчихсан байсан ч болно. Би 80 гарч явна. Одоо хүртэл хонины ууц тавьдаггүй. Зориуд тавьдаггүй юм. Гэхдээ махаа чанана. Үхрийн өвчүү чанаж тавьдаг. Зүсээд өгөхөд идэнгэтэй. Харин ууцыг хүн идэж чадахгүй шүү дээ. Өөх ихтэй. Үхрийн өвчүү бол өөх, мах нь алагласан идэхэд таатай сайхан. Ер нь үзүүлэх биш, идүүлэх гэж идээ засдаг юм. Мөн манайх Цагаан сараар ирсэн зочдод сайхан зутан шөл хийж өгнө. Хүмүүс их амтархаж иддэг юм. Яахав бууз, банш нь байна. Өөрийн тааваар багахан хүртвэл тэр биз. Шөл устай хоол биед тустай. Мөн элдэв зууш биед хал балгүй сайхан хүнс. Хэтэрхий их өөх тостой хүнс нэг дор хэмжээ хязгааргүй идсэнээр элэг, ходоодонд хөнөөлтэй.
-Цагаан сараар хацраа өгч үнсүүлдэг. Өнөө жил энэ байдлыг хориглож байгаа?
-Бага залуу нь ахмадуудынхаа тохойг түшээд хүндэтгэл үзүүлэхэд л болно. Мөн Чингис хаанаас өв уламжилж ирсэн хүндэтгэлийн ёс бий. Энэ нь баруун гараа өвчүүнийхээ харалдаа бариад зүүн гараа дэлгэж мэхийх байдлаар хүндэтгэл үзүүлэх явдал юм. Ийм байдлаар ёс төр гүйцэтгэж болно. Ахмадууд ач, зээгээ сэвлэгэн дээр нь үнэрлэхэд болоо шүү дээ. Мөн энх явж мөнх жарга, эдийн сайныг үзэж, эрдмийн дээдийг сур гэх зэргээр ерөөж сурах хэрэгтэй. Зарим ахмад 20-30 хүн орж ирэхэд бүгдэд нь давтагдахгүй, тухайн хүний онцлогт тохирсон ерөөл хэлдэг. Энэ чинь өв соёл, ёс уламжлал юм. Түүнээс биш идээ будаа их зассанаар ёс заншлаа дээдэлж харуулж байгаа хэрэг биш. Ахмад хүн үр хүүхэд, ач зээ, багачуудад ерөөл хэлэхгүй байх нь тун эвгүй харагддаг.
-Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?
-Цагаан хулгана жил гарах гэж байна. Хувьтай хүн хулгана жил үзнэ гэж үг бий. Тэгэхээр сайхан жил болох байх гэж бэлгэшээж байна. Аятай сайхан, олон түмэнд өгөөжтэй, юм юм нааштай эргэсэн, шинэ зүйлсийн эхлэл тавигдсан жил байх болов уу гэж бодож байна.
Г.БАТЗОРИГ
Эх сурвалж: Өдрийн сонин