СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны ГУРВАН ХҮҮХЭД гэртээ ТОГОНД ЦОХИУЛЖ амиа алджээ
1-5 насны гурван хүүхэд гэрт нь халуун ус алдаж, түүнд уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км замыг туулан 17:30 цагт очиход Я /5 настай эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/, Ц /1 нас 6 сартай, эмэгтэй/ нар амиа алдсан байжээ. Хүүхдүүдийн цогцсыг ЯТТТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүдийг эцэг, эх нь хараа хяналтгүйгээр гэрт нь цоожлон үлдээсэн байжээ. Цагдаа, прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг шалгалтыг хийж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
- Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
- Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.