НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг Санхүү, бүртгэлийн газрын даргатай нь хорилоо
Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг цагдан хорих захирамжийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргалаа.
Дээрх шүүхэд өчигдөр 13.30 цагийн үед түүнийг яллагдагчаар тооцон цагдан хориулах прокурорын хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд хамт НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэгт ч бас таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандсан аж. Шүүгч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн НПГ-ын хяналтын прокуророор уламжлуулан хүргүүлсэн саналтай танилцаад яллагдагчаар тооцон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэн 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.
Бидэнд олдсон мэдээллээр, дээрх хүмүүсийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцоод буй гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин