Ухань хотын иргэдэд туслах “Нэг хүн -1,000 төгрөг хандивлая“ аяныг эхлүүллээ
БНХАУ-тай он удаан жилийн түүхэн, найрсаг харилцаанд тулгуурлан хөгжиж байгаагийн хувьд Ухань хотын иргэдэд туслах аяныг эхлүүлснээ Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс өнөөдөр танилцуулж мэдээлэл хийлээ.
Ухань хотын ард иргэдэд туслах хандивын аяныг өрнүүлэхээр, Монголын нийт ард түмэндээ хандаж, "Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" уриалга гаргаж байгаа юм байна.
Хандивын аяны талаар Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат "Манай улсын хувьд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон шуурхай арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Засгийн Газар хөрш оронд нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулан 200,000 ам.долларын тусламж үзүүлсэн.
Хятадын ард түмэн, гамшигт нэрвэгдсэн Ухань хотын ард иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг хүн-1,000 төгрөг хандивлая” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдэж, энэхүү аяныг орон даяар өрнүүлэхээр нийт ард түмэндээ уриалж байгаа юм."гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|