Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасныг илрүүлэн шалгаж байна
"Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн Бөхмөрөн сумын гуравдугаар багийн иргэн “Б”, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын тавдугаар багийн иргэн “Э” нар гурван удаагийн үйлдлээр тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс гурван тооны зэгсний зэрлэг гахай хууль бусаар агнаж улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Зэгсний зэрлэг гахайн экологи, эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор эрийг нь 2.9 сая, эмийг нь 3.3 төгрөгөөр тогтоосон ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг.
Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн /Хууль бусаар ан агнах/ 1 дэх хэсэгт 2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.