Отгонтэнгэр хайрханд одоогоор ямар ч компани тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй

2020 оны 2 сарын 05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга нартай хаалттай хаалганы драма уулзсаны дараахан “Отгонтэнгэр хайрханыг ухахаар нэгэн компани лиценз авсан байна. Үүнийг цуцлах ёстой хэмээн чиглэл өглөө” гэх мэдээлэл соошл орчинд цацагдаж эхэлсэн юм. Хэн энэхүү мэдээллийг өгсөн, хэзээ болтол асуудал тодорхой бус байсан талаар тодорхой мэдээлэл гараагүй ч олон нийтийн сүлжээгээр “Шүтээн хайрханыг ухах гэж байжээ. Уулын бэлд нь лиценз олгосон байсныг Ерөнхий сайд болиуллаа” гэх мэдээлэл хөвөрч эхлэв. Гэвч лизенц нь тусгай хамгаалалтад авчихсан уулынхаа бэлд нь үү, яг одоо ухаад эхэлчихсэн үү гэсэн асуултад тодорхой хариулт гарч ирээгүй юм.  Тиймээс мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс олон талын эх сурвалжуудтай холбогдож, лицензийн эргэн тойронд мэдээлэл бэлтгэлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд авчээ

“Монгол Майнинг энд Эксплорэйшн” компани нь Отгон сумын зүүн урд хил, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баруун хойд хилийн заагт анхлан 2008 онд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу XV-014806 дугаартай хайгуулын нэг ширхэг тусгай зөвшөөрөл авчээ. Энэхүү лицензийн талбай нь Отгонтэнгэр хайрханаас нийтдээ 120 гаруй км-ын алсад буюу хоёр сумын хилийн заагт оршдог гэх мэдээллийг нутгийн иргэн бидэнд өглөө. Мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс компанийн нэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системээс зураг зүйн бүртгэлийг шүүрдэж үзэхэд ч хайрханаас нэлээд зайдуу, Отгон сумаас 60 гаруй км яваад байрладаг аж. Мөн “Google earth” /97043157II, 46049104II/ ашиглан лицензийн талбайг хайж үзэхэд ч дээрх мэдээллийг баталж байсан юм. Тэгвэл “ТВ5” телевизийн ярилцлагад оролцохдоо аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагийн ярьсан 2002 онд олгосон гэх хайгуулын болон ашиглалтын гурван лиценз нь тус компаний эзэмшлийнх байсан уу, эсвэл ИТХ-ын дарга нь мэдсээр байсан атлаа мэдэн будилж худлаа ярив уу гэдэг нь олны анхаарал татаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж ёсоор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа нь 9-11 жил байдаг. Тэгэхээр аймгийн ИТХ-ын даргын ярианаас үзвэл тус компани 17 жил ямар ч ашиглалт явуулахгүй атлаа хайгуулын лицензээ хав дарж, хууль зөрчсөн болж таарна. Тэгвэл бидэнд олдсон мэдээллийг шүүрдэж үзвэл “Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК-ийн тухайд хайгуулын лицензийг 2008 онд холбогдох хууль дүрмийн дагуу авсан нь тодорхой болов. Хуулийн хугацаандаа буюу арав орчим жил хайгуулын лиценз хэлбэрээр байсныг нь 2019 онд ашиглалтын лиценз болгох хүсэлт гаргаж, Ашигт малтмал газрын тосны газарт хандаж шийдвэрээ гаргуулжээ. Угтаа, яам, хэлтэс агентлагийн зүгээс хайгуул хийсэн талбайгаас нь хэсэгчлэн нөөц тогтоосонд нь ашиглалтын лиценз олгохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцсэн, “Урт нэртэй” хуулийг зөрчөөгүй, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай ямар ч зөрчилгүй хэмээн зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ гэсэн үг. Гэтэл өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь 8/600 тоот шийдвэр гаргахдаа “Байгаль орчны яамны дэд сайдын нэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг үндэслэн цуцаллаа” гэх тайлбар өгсөн нь соошл орчинд явж буй албан бичгээс тодорхой харагдаж байв. Гэхдээ үндэслэлийг огтхон ч дурдаагүй байсан юм.

 

“Отгонтэнгэр уултай хэр хамааралтай бэ”

Мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс бид ашиглалтын лиценз нь хилийн заагт орсон гэх Отгон сумын Засаг даргатай холбогдохоор 998779.. утсаар нь залгав. Гэвч “холбогдох боломжгүй” байсан учраас орон нутгийн удирдлагатай нь холбогдож чадсангүй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол Майнинг энд Эксплорэйшн” компанийн Ерөнхий инженер Б.Баярбаатартай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Танай компанийн эзэмш­дэг гэх ашиглалтын лицен­зийн талаар тод­руу­лах гэсэн юм. Тусгай хам­­гаа­лалт­тай бүсэд буюу Отгон­­тэнгэр уулын бэлд ав­сан гэх мэдээлэл цацагд­лаа. Үүнд хариулт өгөхгүй юу? 

-Манай компанийн эзэмш­дэг гэх тусгай зөвшөөрөл нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханаас орон нутгийн замаар явахад 100 гаруй км зайд байрладаг. Завхан аймгийн Отгон сум болон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгийг хамарч байрладаг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа ташаа мэдээллийг харсан. Ямар ч монгол хүн төрийн тахилгат хайрханаа ухна гэж байхгүй шүү дээ. Үүнийг та бүхэн ойлгох ёстой юм. Манай компанийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талбайгаас Отгонтэнгэр хайрханы тусгай хамгаалалтын бүс хүртэл 100 гаруй км зай бий. Дунд нь Буянт гол, Шар ус гол, Цагаан бургастайн ам гэх мэт томоохон голын хөндий, тэдгээрийн хооронд орших Мухар харгана, Гялгадай, Хар чулуут, Түмт, Хүрэн чулуут, Жаргалтын уулс, нуруудаар зааглагдаж байгаа. Төрийн тусгай хамгаалалттай Отгонтэнгэр хайрханы хамгаалалтын бүс нь 955 ам.км талбайг хамруулдаг юм билээ. Хамгаалалтад авсан бүсээс хэмжээд үзэхэд л 100 гаруй км зайд оршдог бөгөөд тус уулын бэл хэсгийг тусгай хамгаалалтад орж байгаа гэж би ойлгож байгаа.

-Танайх хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж ойлгож болох уу. Аймгийн ИТХ-ын дарга 2002 онд лиценз авсан гэж мэдэгдсэн ч надад олдсон мэдээллээр 2008 онд авсан юм билээ? 

-Манай компани нь холбогдох хуулийн хүрээнд лиценз эзэмшиж байсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгаагүй, бас ашиглаагүй гэдгийг Байгаль орчны яамны лавлагаанаас харж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай ч зөрчилдөөгүй гэдгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс бидэнд ирүүлсэн албан бичгээс та харж болно. Соошл орчинд буруу мэдээлэл өгөөд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хар ухаанаар бодоход л манай тусгай зөвшөөрлийг уулын бэлд гэж ойлгож байгаа бол Багануурын уурхай ч Богд уулын бэлд олборлолт явуулж байгаатай агаар нэг сонсогдож байгаа юм.

-Гурван лиценз эзэмшдэг байсан гэж ойлгоод байна? 

-Маш буруу мэдээлэл яваад байна. Манайх 2008 онд энэхүү XV-014806 гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн нөөц бодогдсон хэсэгтээ л ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ингээд хайгуулын хэвээр байгаа болон нөөцөө тогтоосон хэсгээ салгаад авчихаар гурав гэж олон тоо харагдаж байгаа хэрэг. Түүнээс биш анх авсан нэг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд огтхон ч өөрчлөлт ороогүй.

...Холбогдох албан тушаалт­нуудтай уулзахад ийм мэдээлэл өглөө. Төрийн тахилгат шүтээн хайрхан ууланд одоогийн байдлаар хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан лиценз олгож, түүнийг нь техник хэрэгсэл дайчлан ухаж эхэлсэн асуудал одоогоор байхгүй гэсэн үг. Гэхдээ л анхаарал сэрэмж хаа, хаанаа чухал учраас 2014 онд баталсан гэх Засгийн газрын тогтоолыг эргэж нэг харахад гэмгүй болжээ. Учир нь тус компанийн лиценз олгосон талбайгаас дотогшоо буюу Отгонтэнгэр хайрхан хүртэлх 100 гаруй км дотор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн 60 орчим мянган га талбай байрладаг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Уулын бэл гэдгээ ямар хэмжээнд яаж ялгаж салгаж ойлгох талаар сэтгүүлч миний бие ойлголт муу тул уул уурхайн салбарын мэргэжлийн эрдэмтэд энэ талаар ч дуу хоолойгоо гаргаж тайлбар хийхгүй бол энэ бүхний эцэст хариуцлагатай уул уурхай нь орхигдож, харин эзэнгүйдсэн талбайд нь нинжа нар дураар дургих асуудал үүсэх вий гэдгийг ч энд сануулахгүй өнгөрч боломгүй юм.

Б.Тогтох

Dardas.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613381
0 эможи

Зочин
2020-02-05 17:37
Зочин
2020-02-05 14:26
keyboard_arrow_up