Олон нийтийн цагдаа нарт тусгай хувцас хэрэглэлийг олгов
Олон нийтийн цагдаа нарт өвөл, зуны 14 нэр төрлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэл, олон нийтийн цагдааг таних тэмдгийг энэ сарын 04-нд гардуулан өглөө. Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлаас энэ үйл ажиллагаанд 19,2 сая төгрөгийг зарцуулсан байна.
Санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос хойш олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэлийг олгож чадаагүй байсан тухай энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат алба хаагчдад мэдээлэл өглөө.
2019 онд Олон нийтийн цагдаа нар нийтийн хэв журам сахиулах өдөр, шөнийн эргүүлд давхардсан тоогоор 358 удаа үүрэг гүйцэтгэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 374 дуудлага мэдээлэл хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн аж. Мөн 218 хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд хүргүүлж, 494 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч, 362 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 459 зөрчил илрүүлэн хэсгийн болон замын цагдаагийн байцаагч нарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрмийн хүрээнд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Олон нийтийн 21 цагдаа ажиллахаас өнөөдрийн байдлаар 12 иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: montsame.mn
|