Ж.Гантулга: Мансууруулах бодис хүний оюун санаа, мэдрэл сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

-Хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлынхны тоо нэмэгдээд л байна. Үүнээс илүү харамсалтай нь өсвөр үе залуучуудын дунд хар тамхинд донтох тохиолдол их гарч байх шиг. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Донтох эмгэгт өртөх эрсдэл янз бүр байж болно. Өсвөр насны хүүхдүүд, залуучууд сонирхох, хэн нэгний үйлдлийг даган дуурайж уруу татагдах зэргээр мансууруулах бодист автаж болно. Мөн энэ талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэл муу байдаг нь мансууруулах бодисын хэрэглэгч болох эрсдэлийг дагуулдаг. Нөгөө талаас хар тамхины хор уршгийг таньж мэдээгүйгээс болж бусдын ятгалгад автан донтох эмгэгт өртөх эрсдэлтэй. Мансууруулах бодисын цаад мөн чанарыг нь таньсан хүн өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай байдаг. Иймээс хор уршгийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байх нь чухал.

-Хар тамхины хамааралтай болсон иргэдийг анзаарахад араатан шиг л авирлах юм билээ. Донтох эмгэг үүсгэгч хүний мэдрэлийн тогтолцоонд их хүчтэй нөлөөлдөг юм шиг?

-Донтох эмгэг үүсгэж байгаа бодис маань хүний бүхий л эд эрхтэн тогтолцоонд нөлөөлнө. Хамгийн аюултай нь уураг, тархи мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг. Онгоцоор яривал хар хайрцагт нь нөлөөлж байгаа юм. Өөрийгөө удирдаж явах боломж нь хязгаарлагдана гэдэг аюул. Хар тамхинд донтсон хүн юу ч хийж болно. Энгийнээр донтох эмгэгтэй хүнийг эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнтэй зүйрлэж болох юм. Хэн нэгний эрхшээлд амьдарна гэдэг хэцүү. Унтах, идэх, явах суух бүгд хэн нэгний хараа хяналтад байгаатай төстэй. Мансууруулах бодис хэрэглэн донтох эмгэгтэй болно гэдэг нь эрх чөлөөгөө сайн дураараа хязгаарлах үүд хаалгаа нээж өгсөнтэй ижил. Яагаад гэхлээр хүссэнээрээ амьдрах боломж нь хязгаарлагдан хамааралтай болсон тэрхүү бодисоо хүртэж байж өөрт үүсч буй зовиур шаналгаа, зовлон бэрхшээлээ багасгах зайлшгүй шаардлага үүсдэг. Мөн хар тамхи хэрэглэгчдийн дунд бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчний тархалт их байна гэсэн судалгаа бий. Хүний үр удамд асар их хор хохиролтой. Хар тамхи үндэстнийг мөхөөдөг гэдэг зүйл яриа төдий байсан бол өнөөдөр манай улсад бодит аюул болж буй нь харагдаж байна.

-Хар тамхины хамааралтай болсон иргэд ойр тойрныхон, гэр бүлийнхнээ давхар эрсдэлд оруулдаг талаар та яриандаа дурдаж байсан. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Зөвхөн тухайн мансууруулах бодис хэрэглэгчид биш гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, ажлын хамт олон, амьдарч буй нийгэмд нь давхар эрсдэл учирдаг. Өөрийгөө удирдан залах чадваргүй болохоороо ямар ч гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг. Мансууруулах бодис хэрэглэсэн хүний амьдралын хэв маяг богино хугацаанд өөрчлөгдөн, эрүүл саруул амьдралын хэв маяг алдагддаг. Эргээд эрүүл амьдралын хэв маягийг бий болгоно гэдэг олон жилийн хөдөлмөр болж ирдэг. Нэгэнт хүний уураг тархинд донтох эмгэгийн голомт үүссэн тохиолдолд түүнийг эмчлэх эм тан одоогоор анагаах ухаанд бий болоогүй байна. Донтох эмгэгийн голомт үүссэн бол насан туршдаа түүнийг тээж явнаа гэсэн үг. Донтох эмгэгтэй болчихсон хүний хувьд мансууруулах бодис хэрэглэхгүйгээр тэсч явах нь тухайн хүнээс асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг. Үүнийг давж гарах хүний тоо цөөн байдаг учраас мансууруулах бодисоос хол явна гэдэг хүн бүрийн үндсэн зорилго байх ёстой.

-Хар тамхи баян чинээлэг улсын хэрэглээ гэсэн хэвшмэл ойлголт манайд байсан. Харин өнөөдөр аюул айл бүрийн хаалган дээр л байна. Ер нь хэрэглээд байгаа хүнд эхний ээлжид ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Араатан шиг авиртай болохоос нь өмнө таслан зогсоох ямар арга байна?

-Архи уусан хүн бол гуйвж дайваад, уусан архи нь үнэртээд мэдэгдэнэ. Мансууруулах бодис хэрэглэж буй хүнд тодорхой хугацаанд ямар нэгэн содон шинж илрэхгүй ч байж болно. Ер нь аливаа мансууруулах бодис хэрэглэсэн хүний ааш авир их өөрчлөгддөг. Залуучуудын тухайд найзалж нөхөрлөж буй хүмүүсийг нь анзаарч, чөлөөт цагаа хаана юу хийж өнгөрүүлж байгааг нь мэдэж байх нь чухал. Ер нь гэр бүлийн гишүүд жилдээ ядаж нэг удаа, болж өгвөл зургаан сард нэг удаа шинжилгээнд хамрагдаж байх нь эрүүл мэндээ аливаа эрсдэлээс хамгаалах гарц гэж үздэг. Мансууруулах бодисын хамааралтай болсон хүүхэд, залуусын эдийн засгийн хэрэглээ эрс нэмэгддэг. Энэ бүхнийг эцэг эхчүүд анзаарч, хүүхэдтэйгээ ойр байж, сайн ярилцаж байх хэрэгтэй.

-Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хаана хандах вэ. Хүүхдийг маань бариад хорьчихно гэсэн айдас иргэдийн дунд байж болно шүү дээ. Шаардлагатай газар хандахгүй цаг алдаж эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах гээд байдаг талтай?

-Сэжигтэй тохиолдол ажиглагдвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн сэтгэц наркологийн эмч нар, аймгуудад бол мэргэжлийн сэтгэцийн эмчид цаг алдалгүй хандах нь зөв. Өөрөө сайн дураараа эмчилгээ хүсээд ирж байгаа хүмүүсийг эмч нар Таны нууцыг хадгална. Цаг алдах тусам л таны ойр дотны хэн нэгний амь насан, эрүүл мэндэд эрсдэл учирна. Мөн тухайн хүний эмчлэгдэх боломж нь багасна гэсэн үг. Хамааралтай болсон хүнд өгөөд эдгээчихдэг эм байдаггүйг энд дахин онцолъё. Үндсэн эмчилгээ сэтгэл заслын эмчилгээ. Үүнийг бусад эмчилгээтэй хавсарч хийдэг. Хэрэв та эмнэлэгт очихоос санаа зовоод байгаа бол сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өгдөг 1800-2000 дугаарт холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчтэй холбогдон үнэн зөв, бодитой мэдээлэл авч болно.

-Эмчилгээний үр дүн ямар байдаг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дэлхий дахинд эмчилгээний үр дүн сайнгүй байдаг. Ийм учраас л мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал асуудал. Өнөөдөр коронавирусийг эмчилдэг эм гараагүй байгаа учраас л дэлхий даяараа айж байгаа шүү дээ. Үүнтэй ижил мансууруулах бодист донтох эмгэгээс дэлхий нийтээрээ тэмцэхээс өөр сонголт үгүй.

-СЭМҮТ болон бусад эмнэлгүүдээс үйлчилгээ авсан хар тамхины хамаарал бүхий иргэнтэй ар гэр, ажлын хамт олны зүгээс нийгэмшүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Нийгэмшүүлэх тогтолцоо нь манайд бүрэн утгаараа хөгжөөгүй байна. Тухайн хүнийг нийгэмших, хэвийн амьдралд оруулахад нь ажлын хамт, олон гэр бүлийнхний хандлага, харилцаа их чухал. Хачин жигтэй хүн гэж харахаас илүү, энэ хүнд яаж туслах вэ гэдэг асуудал дээр анхаарах нь зөв. Хэдий чинээ гадуурхал, ад шоо үзэх асуудал их гарна, тэр хэмжээгээр эмчилгээний үр дүн тааруу болно. Нийтээрээ энэ талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал хэнд ч тохиолдож болно. Бид нар ханиад хүрсэн хүнийг шоолж гадуурхдаггүй, харин ч яаж туслах вэ гэж боддог шүү дээ. Үүнтэй л ижил аль болох ойлгохыг, туслахыг хичээх нь зөв алхам болно.

Б.САЙНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613358
1 эможи

Зочин
2020-02-05 14:21
keyboard_arrow_up