Казахстаныг найдвартай түнш гэв
Казахстанд айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Казахстаны Гадаад харилцааны сайд Мухтар Тлеуберди нар уржигдар Нур-Султан хотод хийсэн хэвлэлийн хурлын өмнө уулзсан байна. Майк Помпео “Казахстан нь Төв Ази дахь АНУ-ын найдвартай түнш. Тиймээс хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэхээ амласан аж. Түүнээс гадна АНУ Казахстаны ерөнхийлөгч Кассим Жомарт Токаевийн Засгийн газартаа ард түмний итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн шинэчлэлийг бүрэн дэмжинэ гэв. Мөн Афганистанд энхтайван тогтоох, эвлэрэх үйл явцад оруулж байгаа хөдөлмөр болон Сири,Иракаас иргэдээ эх орондоо татан авчирч байгааг нь үнэлжээ.
Харин Мухтар Тлеуберди “Казахстан АНУ-ыг хөрөнгө оруулалт, шинэ технологи, мэдлэгийн эх сурвалж гэж үзэж байна. Талууд алан хядах ажиллагаа, олон улсын хэт даврагчидтай тэмцэж байгаа хамтын ажиллагаа болон радикал хүчний үзэл санааны ухуулгыг цаашид бэхжүүлж хамтран ажиллана” гэв. Тэрээр Казахстан улс АНУ, Туркменистан, Тажикстан, Узбекистан, Киргизстанаас бүрдсэн бүс нутгийн хэлэлцээрийн С5+1 бүлэглэлийг идэвхтэй дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Казахстанд энэ сарын 1,2-нд айлчилсан Майк Помпео Узбекистаны нийслэл Ташкент хотод өчигдөр болсон энэ бүлэглэлийн гишүүн орны Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.4 МЯГМАР № 23 (6248)