БГД-ийн Прокурорын газраас 1659 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн үр дүнтэй ажлуудыг зохион байгууллаа-
Баянгол дүүргийн харъяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газар, ПС тоглоомын үйлчилгээ эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар 7 төрлийн 136 зөрчлийг илрүүлж, хууль зөрчсөн 21 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоох талаар Харилцаа холбооны зохицуулах хороо болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст албан бичиг хүргүүлж, хариуг авч ажиллажээ.
Тус дүүргийн прокурорын газар нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх дадал, хандлагатай хүнийг бэлтгэхийн тулд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуультай хамтран “Өсвөрийн хуульчид” багийг бүрдүүлэн тодорхой ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим тоглоомын газарт хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар захиадл бичиж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудад хүргүүлэв.
Мөн гэр бүлийн орчинд хүүхдэд тавих хараа хяналтыг нэмэгдүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох болон өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар уриалга бүхий захидлыг эцэг эхчүүдэд хүргүүлсэн байна.
-Байгууллага, албан тушаалтанд 241 мэдэгдэл хүргүүлэв-
2019 онд прокурор тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахтай холбогдуулан байгууллага, албан тушаалтанд нийт 241 мэдэгдэл бичсэн нь 2019 онд шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 3,3 хувийг эзэлж байна. Мөн мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй 2 албан тушаалтанд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулжээ
-Мөрдөн байцаалтын ажиллагаанд тавьсан хяналт-
Баянгол дүүргийн прокурорын газар 2019 онд нийт 1659 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажилласан нь өмнө оны мөн үеэс 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн 32,8 хувь буюу 316 хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.
Нийт 4085 прокурорын даалгавар бичигдсэн бөгөөд 2019 онд гэм буруугийн 958 анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ба үүнээс 309 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|