ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2020.01.27-2020.02.01/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. '
Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон албан хаагчийн байгууллага руу албан бичиг хүргүүлдэг болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах зөрчил буурахгүй байгаа. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 877 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.
Тэрээр ярилцлагандаа "... Зөвхөн 2019 онд Тээврийн цагдаагийн албанд 25302 зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 561 хүн нас барсан. 49 хүүхэд нас барсан. Өнгөрсөн онд цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34591 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс 6851 иргэнийг шүүхээр оруулж 7-30 хоногийн баривчилгаанд явуулах шийтгэл оногдуулсан. Эмэгтэйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил их гаргаж байна. 2019 онд 6400 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт л 20 орчим эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэсэн үг шүү дээ. Үүний 2400 нь давтан үйлдэлтэй байгаа. Шүүхээр орж таслуулчхаад дахин согтуугаар жолоо бариад байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг. Тухайн Зөрчлийн давтан үйлдсэн тохиолдолд шүүхээр оруулж 7-30 хоногийн хугацаанд баривчилгаа буюу биеэр эдлэх арга хэмжээг оногдуулж ажиллаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг судлаад үзэхэд олонхыг нь төрийн алба хаагчид эзэлж байгаа. Төрд алба хааж байгаа хүмүүс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол хийсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас төрийн алба хаагчид согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, осол хийсэн тохиолдолд байгууллага руу нь албан тоот бичиг явуулдаг болохоор ярилцаж байна. Байгууллага нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон алба хаагчдаа арга хэмжээ авдаг, ажилтнуудад энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч сургалт семинар зохион байгуулаад явбал зөрчил буурна гэж харж байгаа. Энэ ажил судалгааны хүрээнд л явж байна... хэмээн онцоллоо.
Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ-2020" арга хэмжээг эхлүүлнэ
Цагдаагийн байгууллагаас Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг угтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил, арга хэмжээг эрчимжүүлэх, шуурхай шалган шийдвэрлэх, иргэд, олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал /2020.01.31/ төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай цахим хурал хийж, үүрэг, ажлын чиглэл өгөв.
ХӨСҮТ цагдаагийн хамгаалалт дор, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан 31 оюутан нэг хүүхэд буюу 32 монгол иргэн өнөөдөр МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд буй. Тэдгээр иргэнийг автобусаар ХӨСҮТ-д авчирсан бөгөөд тус эмнэлэг цагдаагийн хамгаалалт дор, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөсний дагуу ажиллаж, голомтоос ирсэн хүмүүст ХӨСҮТ онцгой анхаарч ажиллаж байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслах төв АШИГЛАЛТАД орлоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх 9 дэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг Өвөрхангай аймагт шинээр байгуулж, ашиглалтад оруулжээ. Тус төв нь гэр бүлийн хүчирхийллийн хоихрогчдод хууль зүйн зөвлөгөө тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө болон олон талын тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна. Нэг цэгийн үйлчилгээний төв нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод хэрэгтэй гол тусламж авдаг цэг аж.
Цагдаагийн алба хаагчид бага насны 3 хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварлаа
2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хороололын 53/9-3 байр шатаж байсан дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай очиж бага насны 3 хүүхэд болон 20 гаран хүнийг галын аюулаас аварлаа.
Бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлдэг бүлэг этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар бага насны хүүхдийг өсвөрийн цагдаа байна гэж айлган сүрдүүлэн зодож эд зүйлсийг нь дээрэмддэг этгээдүүдийг баривчиллаа.
Тодруулбал, өчигдөр буюу 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас бүлэг этгээдүүдийг дайчлан баривчлан шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан А, Э, Г, Д нар болох нь тогтоогджээ. Дээрх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, дүүргүүдийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дээрэмдэх-24, залилан мэхлэх-2 нийт 26 гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдлоо.
Ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон ногоон мод сүйтгэж буйг илрүүллээ
ЦЕГ-ийн Экологийн цагдаагийн алба Баян зүрх дүүргийн 11-р хороо Богд уул Төр хурахын ойн ам Улаан хад орчимд “Ойн цэвэрлэгээ арчилгааны ажил” гүйцэтгэж буй аж ахуй нэгж иргэдийг шалгажээ.
Шалтгалтын үеэр мод бэлтгэж буй иргэд зөвшөөрөгдөөгүй цэгээс мод бэлтгэсэн, нойтон ногоон мод огтолж буй ноцтой зөрчил илэрчээ. Нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаан хад орчимд мод бэлтгэхээр ирсэн гэх иргэд мод бэлтгэх зөвшөөрөгдсөн талбай хэмжээг мэдэхгүйгээс гадна хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа нь тогтоогдсон юм.
СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дүүргийнхээ ААН-хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
2020.01.29-ний өдрөөс "Нэг хот-Нэг стандарт" зорилтот жилийн хүрээнд СХД-ийн 26 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, СХД-ийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэстэй хамтран хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн Хаягжилт шинэчлэх, гэрэлтүүлэгийг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийж эхлээд байна.
Аж ахуйн нэгжүүдэд гарч буй зөрчлийг газар дээр нь арилгуулж засуулах зорилгоор хяналт шалгалт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Цагдаагийн алба хаагчдад эрэн сурвалжлах АСАП сан ашиглалт сэдэвт сургалт зохион байгууллаа
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Чинзоригт идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажиллаж байгааг үнэлэн Эрүүгийн цагдаагийн албаны "Баярын бичиг"-ээр шагнасныг нэгдүгээр сарын 31-ний өдөр нийт бие бүрэлдэхүүний өмнө хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар гардуулан өглөө.
Мөн тэрээр өнөөдөр нийт алба хаагчдад эрэн сурвалжлах АСАП сан ашиглалт сэдвээр сургалт орлоо.
Нэн ховордож буй хойлог шувууг хууль бусаар агнаж худалдаалах гэж байсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд cэжигтэй этгээдүүд автомашины зогсоол дээр уулзаж 3 ширхэг хойлог шувууны махыг худалдахаар авчирсныг эд мөрийн баримттайгаар дайчлан баривчиллаа.
Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь хойлог шувууны тус бүрдээ 1400-1800 грамм жинтэй гурван ширхэг махыг эд мөрийн баримтын хамт хураан авлаа. Мөн сэжигтэй этгээд “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийгдэж байна.
“Ятгах тусам нягтал!“ хуудсаар хуульч, өмгөөлөгч нар зөвлөгөө өгч байна
Цагдаагийн байгууллагаас цахим болон бусад хэлбэрээр залилангийн гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал!" аяныг орон даяар явуулж эхлээд байгаа билээ.
Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах газар олон нийтэд хандсан “Ятгах тусам нягтал” нэртэй фейсбүүк хуудас нээн ажиллуулж байна.
Иргэд энэхүү хуудсаар дамжуулан залилангийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, хуульч, өмгөөлөгч нараас үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой болж байна.
Айлын 15 сарлагийг хулгайлж, 11-ийг нь нядлан зарсан этгээдүүдийг баривчиллаа
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь малын хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Тариалан сумын Баянхошуу багт оршин суух малчин н.Батхүүгийн 15 тооны сарлаг алга болсон мэдээллийг тус цагдаагийн газрын 7038102 тоот утсаар хүлээн авч эрэн сурвалжлах ажиллагааг явуулснаар хулгайд алдагдсан болохыг олж тогтоон, тус цагдаагийн газрын даргын шийдвэрээр эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр, ажлын хэсэг томилон ажиллуулсан. Тус суманд ажилласан ажлын хэсэг түргэн шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулснаар Тариалан сумын Ар тархи уртын ам гэдэг газар айлын хаваржааны хашаан дотор 11 сарлагийг нядалж арьс шир, толгой гэдэс, шийрийг нь үлдээн махыг аймаг дамжуулан зарсан болохыг олж тогтоон ажиллаа. Энэхүү малын хулгайн гэмт хэрэгт 3 бүлэг 15 холбогдогчийг шалгаснаар малын хулгайн 14 гэмт хэргийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэс “Ятгах тусам нягтал“ нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг улс орон даяар зохион явуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Ятгах тусам нягтал нэртэй фейсбүүк пэйж хуудсыг нээн ажиллуулж байгаа бөгөөд иргэд энэхүү хуудсанд нэгдэж, хуульч, өмгөөлөгч нараас үнэгүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм байна.
Иймд иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэн Ятгах тусам нягтал аянд нэгдэхийг уриалж байна.
Түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Агаарын чанарыг сайжруулах бүс”-д түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа 12-568 тоотод нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг иргэн “Г” зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шалгуулж, хариуцлага тооцуулахаар материалыг шилжүүллээ.