ПРОКУРОР: Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэлтийн байдалтай гэнэтийн байдлаар танилцлаа
Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалтай гэнэтийн байдлаар газар дээр нь очиж танилцсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэдэг
бөгөөд тус прокурорын газрын хяналтанд байдаг дээрх төрлийн ялаар шийтгүүлсэн 20 гаруй хүн нийт 4 аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа ажээ.
Танилцах ажлын үеэр 2 хүн ажилдаа ирээгүй зөрчил илэрсэн тул эрэн сурвалжилж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь хорих ялаар солиулах талаар шийдвэр гүйцэтгэгчид үүрэг өгсөн байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс ял эдлүүлэхэд хүндрэл бэрхшээл учирч байгаа эсэх талаар санал солилцон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан эрх, үүргийг нь дахин сануулж, ялтнуудын цагийг зөв бүртгэх, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж ажиллах талаар зөвлөгөө өгч ажилласан байна.
Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|