НӨАТ: Буцаан олголтын дүн багассан иргэд Татварын албанд хандаж, бүрэн авах боломжтой
Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотой талаар сэтгүүлчид тодруулахад ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн худалдан авалт хийх боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг шалгаж байгаа төлөвөөс буцаан олгох төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л шалгаж байна төлөвтэй байгаа" гэв.
Хянагдаж байгаа төлөвт оруулахдаа мөнгөн дүнг бууруулдаг. Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол буцаан олгох төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой гэдгийг хэлэв.
Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим тодорхой жишээг танилцуулбал, үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Бас нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүлтгүүлсэн тохиолдол байгаа ажээ.