НӨАТ: 996 иргэний 2.1 тэрбум төгрөг татварын буцаан олголтын хэмжээг ХЯНАЖ байна
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.
ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг одоо зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг.
Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа.
НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна.
2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.
Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байгаа төлөвт байна.
Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэв.
Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим тодорхой жишээг танилцуулбал, үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Бас нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 70 гаруй сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүлтгүүлсэн тохиолдол байгаа ажээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|