“Хүчит шонхор” захын автозамыг урдаасаа хойш нэг чигийн урсгалд орууллаа
БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэл бий болсон. Үүнээс үүдэн хүнс нѳѳцлѳх гэсэн иргэд “Дэнжийн 1000” болон “Хүчит шонхор” захын зам дагуу түгжрэл, ачаалал үүсгэж байгаа тул тус автозамыг өнөөдрийн 08:00 цагаас эхлэн нэг урсгалтай болгож байгаа аж.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнээс тодруулахад, “Урд хөршид коронавирусийн халдвар гарсантай холбоотой хүнсээ нөөцлөх гэсэн маш олон тооны иргэн “Хүчит шонхор” болон “Наран туул - 2” захаар үйлчлүүлж байна. Үүнээс үүдэн замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч дээрх захуудын зогсоол дүүрсэн. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас найман цагдаа зохицуулагч, гурван автомашинтай өнөөдрийн 08:00 цагаас эхлэн “Хүчит шонхор” захын хоёр чигийн автозамыг автомашинуудын хөдөлгөөн сийрэг болтол урдаасаа хойш нэг чигийн урсгалд оруулах зохицуулалт хийж байна” гэв.