Ш.Булган: Хорих ангиудыг хүний эрхийн байгууллагуудаас тавигддаг шаардлагуудыг хангасан гэж дүгнэсэн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, бүтээн байгуулалтын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булгантай ярилцлаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ батлан өдгөө хэрэгжүүлж байна. Энэ хуульд зарчмын ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-УИХ-ын чуулганы 2017 оны зургадугаар сарын 9-ний нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, таван хэсэг, 27 бүлэг, 302 заалттай баталсан. Хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалт орсон. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан торгох, эрх хасах шийтгэлийг гүйцэтгэх болон бусад албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх үндэслэл, журам болон Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангах шийдвэр гүйцэтгэгчийг тойргийн журмаар ажиллуулж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах, хуулийн этгээдийг татан буулгах ялыг гүйцэтгэх, хяналт тавих, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хариуцахаар заасан.
Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэсэн үнийн дүнгээс 0.5-10 хувийн урамшуулал олгодог зохицуулалтыг хасаж, урамшууллаас санхүүждэг байсан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулаад байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын байрны баталгааг улс төрийн, хууль зүйн, эдийн засгийн, нийгмийн болон бусад баталгаа болгон нарийвчлан тусгаж өгсөн.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны хувьд эрүү шүүлтээс ангид байх, хүний жам ёсны эрхийг хангахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүдийг тусгасны зэрэгцээ хорих байгууллагын төрөл, дэглэм, хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд эргэн оруулахад бэлдэх зорилтод нийцүүлсэн. 1960-аад оноос хойш хэрэгжүүлж байсан, хуучин ЗХУ-ын үеийн тогтолцоо болох жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд ял эдлүүлэх тогтолцоог өөрчлөн дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг, стандартад нийцүүлэн нээлттэй, хаалттай хорих ангийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн зохицуулалт анх удаа тусгалаа. Хууль батлагдсанаар байгууллагын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан 60 орчим журам, заавар шинэчлэгдэж, үйл ажиллагаандаа мөрдөж байна. Мөн эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэхээр хамгийн түрүүнд хүний эрхийн асуудал яригддаг. Хүний эрхийг хангах чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүний жам ёсны эрхийг хангахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүд тусгасан талаар дээр хэллээ. Өмнө хэрэгжүүлж байсан хуульд тусгаснаар хоригдол найман төрлийн эрх эдэлдэг байсан бол шинэ хуульд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн хоригдлын эрхийг нарийвчлан тодорхойлсон. Тиймээс зургаан төрлийн эрхийг нэмж томьёолон баталгаажуулаад байгаа. Мөн аливаа хэлбэрээр эрхийг нь хязгаарлах, албадлага хэрэглэх тохиолдол бүрт хэрхэн баримтжуулах, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгосон.
Хүний жам ёсны эрхийг хангахад чиглэсэн ахуй нөхцөлийн наад захын шаардлагыг биелүүлэх зохицуулалт ч хуулиар баталгаажсан. Бид баривчлах, цагдан хорих, хорих ял эдлүүлэх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх олон ажил зохион байгуулж байна.
Нэрт судлаач Абрахам Маслоугийн 1940-өөд оны үед боловсруулсан хүний хэрэгцээний таван шатлалт онол буюу нэгдүгээрт физиологийн хэрэгцээг хангах хооллох, хувцаслах, амьдрах нөхцөлийг хангасан байртай байх, байгалийн хэрэгцээг хангах, унтаж амрах гэх мэт суурь нөхцөлийг бий болгоход анхаарч ажилласнаар дараагийн шатлалын буюу аюулгүй, нийгмийн оролцоотой байх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээнд суурилсан нийгэмшүүлэх ажил, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм.
Иймд хүний наад захын хэрэгцээг хангасан нөхцөлд баривчлах, цагдан хорих, хорих ял эдлүүлэх ажиллагаа явах учиртай. Энэ ажлын хүрээнд 2016-2020 онд орон нутагт барилгын зоорийн давхарт, автогарааш, үйлдвэрлэлийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж байсан 14 хорих байрыг стандарт шаардлагад нийцүүлэн барьсан. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Завхан аймаг, Ховд аймаг, Өвөрхангай аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Завханы Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр, Хэнтий аймаг, Эмэгтэйчүүдийн хорих анги, 2018 онд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Нэг цонхны үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр, Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт байрлах 1500 хүний багтаамжтай Нэгдсэн хорих анги, 429 дүгээр хорих ангид эмнэлгийн байр, Эмэгтэйчүүдийн хорих ангид хаалттай дэглэмийн хорих байрыг тус тус стандарт, шаардлагад нийцсэн хэмжээнд барьж ашиглалтад оруулан, хүний жам ёсны эрх, суурь хэрэгцээг ахуй нөхцөлөөр нь хязгаарлахгүй байх боломжтой нөхцөлд үйл ажиллагаа явуулах болсон.
Мөн хорих анги, байгууллагуудад буй өндөр настай, бусдын асрамж шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин бүрдүүлж байна.
-Хэдийгээр эрх нь хязгаарлагдсан ч гэлээ хүмүүжиж буй олон хүний амь, эрүүл мэндийг хариуцна гэдэг амаргүй ажил. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг юм бол?
-Чөлөөтэй зорчих, сонгож үйлчлүүлэх эрх нь хязгаарлагдсан хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй, чанартай зохион байгуулагдах учиртай. Яагаад гэвэл эрх чөлөөтэй байгаа бидний хувьд төрийн болон хувийн хэвшлийн ямар ч эмнэлэг нээлттэй. Бид эмчлэх эмчээ ч сонгон үйлчлүүлэх боломжтой байдаг бол хоригдсон хүний хувьд тухайн байгууллагад ажиллаж буй эмч, мэргэжилтэнд хандахаас өөр сонголт үгүй.
Тиймээс хорих байгууллагын хэмжээнд хоригдогсдод эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх лавлагаа шатлалын гурван эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгүүдийн чиг үүргийг тодотговол, цагдан хоригдож буй хоригдогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 50 ортой, хорих ял эдлэгсдийг хэвтүүлэн эмчлэх дотор, мэдрэл, мэс засал, онош зүйн тасаг бүхий 120 ортой эмнэлэг, мөн сүрьеэ болон бусад халдварт өвчнийг оношлох, эмчлэх, хянах, урьдчилан сэргийлэх, сувилах, диспансерийн хяналт тавих чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.
Бид эдгээр хүмүүсийн эрүүл байх, амьд явах эрхийг нь хангах үүрэгтэй төрийн алба хаагчдын хувьд хоригдлуудад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг тогтмол явуулах, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй эмчилгээнд хамруулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэвшил, хооллолт, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалан хоригдогсдын дунд суурь өвчлөл ихээр илэрч буй нь санаа зовоох болсон.
-Хүмүүжигч нарын дунд нэг хэсэг сүрьеэ өвчин их байдаг байсан. Сүүлийн үед ихэвчлэн ямар өвчин илэрч байна вэ?
-Хорих ял эдлэгдсийг жил бүр хоёроос доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг. Ял эдлэгдсийн гурван хүн тутмын хоёр нь буюу 68.7 хувь нь суурь өвчтэй байна. Ихэнх нь амьдралын түвшин доогуур, буруу хэвшил, зуршлаас үүдсэн суурь өвчлөлүүд. Тухайлбал, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэсэн, буруу хооллолтоос үүдэлтэй байдаг. Хорих ял эдлэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүйгээс өвчин нь хүндэрсэн хүмүүс хорих ангид цөөнгүй ирж байна.
Хорих ял эдлүүлэх албаны Нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хяналтад эмчилгээ үйлчилгээг тогтмол явуулдаг. Гэвч төрөлжсөн нарийн мэргэшлийн, тухайлбал, ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээнд хамруулах шаардлага байнга гардаг юм.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч мэргэшүүлэх сургалт тогтмол зохион байгуулж, хамруулахын зэрэгцээ 2020 онд “Хорих байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч мэргэжилтнийг чадавхжуулах төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Хүмүүжигч нарт хорих ялыг нь эдлүүлэхийн зэрэгцээ тэднийг нийгэмшүүлэх, ухамсарт нь нөлөөлөх ажил хийдэг шүү дээ. Хэчнээн хүнийг мэргэжил, боловсролтой болгоод байгаа бол?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуульд зааснаар хоригдлын дунд явуулах нийгэмшүүлэх ажлыг хүмүүжлийн ажлын хэлбэрээр зохион байгуулж байсан. Харин 2017 онд шинэчлэн баталсан хуульд нийгэмшүүлэх ажлыг өргөн хүрээтэй явуулах боломж бүрдсэн. Хорих ял эдлүүлэх ажиллагааны чухал хэсэг болох хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтад хамруулж, зохих боловсрол, тодорхой төрлийн мэргэжил эзэмшүүлэн, зан үйл, сэтгэл зүй, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн, сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.
Хүн ам цөөтэй манай улсад засаршгүй, хэрэггүй, муу хүн гэж огт байж болохгүй. Тийм учраас хувь хүнийг хөгжүүлэх, улс эх орондоо хэрэгцээтэй хүн болгон өөрчлөгдөхөд нь бид ажлаа чиглүүлэх ёстой. Өнгөрсөн онд бид 156 хоригдлыг суурь боловсролын гэрчилгээ олгох сургалтад хамруулж, 109 хүмүүжигчийг уншиж, бичиж сургаснаар ар гэртэйгээ захидлаар харилцах, хорих ангийн захиргаа болон бусад байгууллагад өргөдөл, гомдол гаргах, санал, хүсэлтээ илэрхийлэх, бусадтай харилцах, бүрэн бус дунд боловсрол эзэмших, цаашлаад их, дээд сургуульд элсэн суралцах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүлсэн.
Мөн 2019 онд ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бетон арматурчин, кительчин, оёдолчин, сантехникч, оёмол бүтээгдэхүүний оёдол, гар урлалын зүйл урлаач, өрөг угсрагч зэрэг мэргэжлийг 285 хүнд эзэмшүүлж, үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олголоо.
Хүмүүжигч нарт чиглэсэн өөр нэг ач холбогдолтой ажил бол тэднийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах ажил юм. Өнгөрсөн онд 416 хоригдлыг нийгмийн даатгалд сайн дураар нь хамруулаад байна. Ингэснээр хорих ял эдлэх хугацаандаа өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломж бүрдэхээс гадна хоригдол нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах боломжтой болсон.
Төрийн бус байгууллагуудтай хамтран хорих ял эдлэгсдэд зориулсан “Ухаарал” бясалгалын хөтөлбөрийг 2015 оноос “Випашяна” бясалгалын төвтэй хамтран хэрэгжүүлж, энэ хугацаанд нийт 7518 хоригдлыг бясалгалд хамруулаад байна. Сургалтын үр дүнд хоригдогсдын 62 хувь нь өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, 67 хувь нь тамхины хэрэглээгээ багасгасан бол 30 хувь нь тамхинаас татгалзсан, хүмүүжигч хоорондын зан харилцаанаас үүдэлтэй зөрчлийн тоо 44.8 хувиар буурсан зэрэг эерэг хандлага, үзүүлэлт гарлаа. Ташрамд дурдахад, хорих анги бүр сэтгэлзүйчтэй, хоригдлыг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулахаас гадна тэдэнд зөвлөгөө өгдөг юм.
-Хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангаж чадаж байгаа юу?
-Хорих байгууллага бий болсон цагаасаа л ял эдэлж буй хүмүүсийг ажлын байраар хангаж ирсэн. Газар тариалан, мал аж ахуйн суурь тэр үеэс л тавигдсан. Хүмүүжигч нарыг ажлын байраар хангах явдал цаг хугацаагаа даган өөрчлөгдөж улам боловсронгуй болсоор байна. Өдгөө хоригдогсдод 10 төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Гутлын, оёдлын, нарийн оёдлын цех гээд үйлдвэрлэл бий. Хоригдлыг хөдөлмөрлүүлэх зорилтын хүрээнд харьяа хорих анги, байгууллагууд 2019 онд 3952 хүнийг ажлын байраар ханган хөдөлмөр эрхлүүлж, 806 сая төгрөгийн цалин олгож, бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийг 70 хувьд хүргээд байна.
Тэднийг ажлын байраар хангах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор нийслэл, орон нутгийн харьяа хорих ангиудын нөөц бололцоонд тулгуурлан хорих 437 дугаар ангид ажлын бээлий, туслах материалын, хорих 445 дугаар ангид тавилгын, хорих 413 дугаар ангид малын тэжээлийн, хорих 425 дугаар ангид ноос угаах, хорих 409 дүгээр ангид цегейк малгайны, сүлжмэлийн, мод, модон бүтээгдэхүүний, арьс сувинерэн эдлэлийн үйлдвэр байгуулан 500 орчим хоригдлыг ажлын байраар хангах нөхцөл бүрдүүлсэн.
Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан оёдол, гар урлал, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг есөн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дүнд хоригдлыг ажлын байраар хангах зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна.
-Цалин хөлсийг нь хэрхэн бодож олгодог юм бол?
-Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр хоригдогч нар хөдөлмөр эрхэлж, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч, бусдад учруулсан хохирол, төлбөрөө барагдуулж байна. Ялаа эдэлж дуусаад гарахдаа багадаа 300-400 мянга, дээд тал нь 4-5 сая төгрөгийн хадгаламжтай ч хүн суллагдах болсон. Хэдийгээр нийгмээс тусгаарлагдсан ч ажиллаж хөдөлмөрлөн хүүхдийнхээ сургалтын төлбөрт нэмэр болдог, ар гэртээ боломжоороо мөнгө шилжүүлдэг хоригдлууд бий.
ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бетон арматурчин, гагнуурчин, цахилгаанчин, мужаан, өрөг угсрагч, засал чимэглэлчин, уран дархан, тогооч зэрэг 15 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулснаар 2009 оноос хойш 4000 гаруй хоригдолд мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгосон. Ингэснээр хорих ангиас суллагдаад эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийж, нийгэмд байр сууриа олох, өөрийгөө болон ар гэрээ тэжээх, амар хялбар аргаар мөнгө олох аргаас татгалзан, гэмт хэрэг дахин үйлдэхгүй, шударгаар ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй болж байна.
Улсын ерөнхий прокурорын газартай хамтран 2019 онд зохион байгуулсан “Хохиролоо төлөөд гэртээ харья” аян зохион байгуулж, хоригдлын гэм хорын хохирол, төлбөрийг хамтран барагдуулсан нь үр дүнтэй ажил болсон.
-Насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоход юу нөлөөлж байна гэж та үзэж байна вэ?
-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаагийн хамгийн том шалтгаан нь ядуурал, гэр бүл салалт гэж харж болохоор байна. Сэтгэл эмзэглүүлсэн тоо дурдвал, өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд хорих ял эдэлж буйн ердөө найм нь л ээж, аавтайгаа амьдардаг. Бусад нь өргөмөл болон хойд аав ээжтэйгээ эсвэл ганцаараа амьдардаг гэсэн судалгаа бий. Тэд сурч боловсрох, анхаарал халамж авах, хүмүүжих эрхээ эдэлж чадаагүйн улмаас алдаа гаргасан. Тиймээс хүүхдийг гэмт хэрэгтэн гэдэг нүдээр хэзээ ч харж болохгүй. Хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаагийн гол буруутан нь томчууд бид болчихоод байна. Монгол Улс 2017 оноос хүүхдийн хорих анги гэдэг нэршлээс татгалзаж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага” гэсэн нэршилтэй болсон нь хүүхдийн эрхийг хамгаалах нэг чухал зохицуулалт болсон.
-Хоригдлууын дунд зөрчил, дутагдал гаргах асуудал нь ямар байгаа бол?
-Мэдээж тодорхой хэмжээгээр зөрчил, дутагдал гардаг. Гэхдээ их биш. Хоригдлын дундаас гаргаж буй зөрчлийг бууруулах, тэдний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах, алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор хорих анги, байгууллагуудын хэмжээнд “Уураа тэвчье”, “Сонор сэрэмж” аян зохион явуулсан нь зөрчлийг бууруулахад үр дүнгээ өгч байна. Ялангуяа алба хаагч болон хоригдол хоорондын харилцаа хандлагыг өөрчлөх, сэтгэл зүйн байдал, тэдний дундаас гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уураа тэвчье” аян хорих анги, байгууллагад зохион байгуулсны дүнд хүмүүжигч хоорондын харилцаа, хандлагад ахиц гарч, харилцаанаас үүдэлтэй зөрчлийн тоо 44 хувиар буурсан.
-Хүмүүжигч нар биедээ санаатай гэмтэл учруулах, амиа хорлох явдал мэр сэр гардаг. Үүний шалтгаан юунд байдаг юм бол?
-Хорих анги, байгууллагад хоригдогсод бие, эрхтэндээ санаатай гэмтэл учруулах, амиа хорлох явдал гарах нь бий. Техник тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа хэдий ч түүн дээр ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачаалалаас шалтгаалсан боловсон хүчний хөдөлгөөн их байдаг зэрэг бодитой шалтгаанууд бий. Түүний зэрэгцээ хийсэн хэрэг, түүнд нь оноосон ял, ар гэрийн таагүй уур амьсгал зэрэг нөхцөл байдлууд бас нөлөөлдөг. Хорих анги болон Цагдан хорих байран дахь энэ төрлийн хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт тогтвортойгоор буурч байгаа. Мэдээж хэрэг, зөрчил огт гаргахгүй болгох ажлыг тасралтгүй зохион байгууан ажиллаж байна.
-Хорих ангийн алба хаагчдыг харилцаа хандлага нь ширүүн хүмүүс байдаг гэж жирийн иргэд төсөөлдөг. Хоногийн 24 цагт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг харж, хянаж байдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий танай байгууллагын алба хаагчдынхаа харилцаа хандлагад чиглэсэн ямар ажил зохион байгуулдаг вэ?
-Хорих байгууллага, энэ байгууллагын алба хаагчид гэхээр л чанга хатуу, хахир ааш авиртай, өргөст тор, тас няс хийсэн төмөр хаалга нээж, хаадаг, бүгд л аашилж зандарсан хүмүүс байдаг мэтээр төсөөлдөг. Харин миний бодлоор манай байгууллага даргаасаа цэрэг хүртлээ хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс гэж байдаг. Амьдралдаа алдаад хорих ял шийтгүүлэн орж ирсэн хэнийг ч бай дахиж битгий алдаасай, энд байгаа цаг хугацааг үр дүнгүй битгий өнгөрөөгөөсэй гэдэгт алба хаагчид маань бүх л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг юм. Нэг талдаа хохирсон, эд хөрөнгөө алдсан, нөгөө талаас алдаж, эндсэн хүмүүстэй өдөр тутам нүүр тулж ажилладаг хөдөлмөрийнх нь онцлог хүнд, хязгаарлагдмал орчинд явагддаг учраас жирийн иргэд тэр бүр ойлгодоггүй, тэр хэрээр ажлынх нь үнэлэмж бага байдаг юм болов уу. Бусад төрийн алба хаагчтай харьцуулахад хүндхэн бөгөөд нарийн төвөгтэй ажил хийдэг хэдий ч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ манай алба хаагчид эзний ёсоор ханддаг.
-Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дэх бага хурлыг өнгөрсөн намар Монгол Улсад анх удаа зохион байгуулсан. Энэ хурлын ач холбогдол нь яг юу юм бэ гэдгийг иргэд сайн ойлголгүй өнгөрсөн шүү дээ. Хурлын талаар товч мэдээлэл өгөөч.
-Монгол Улс Ази, Номхон далайн улс орнуудын хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөний гишүүн орноор элсэн ороод багагүй хугацаа өнгөрч байгаа. Жил бүр зохион байгуулдаг бага хуралд манай улс төлөөлөгчдөө оролцуулан, өөрийн орны хорих байгууллагын талаар илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэн, бүс нутгийн засан хүмүүжүүлэх болон хорих байгууллагын үйл ажиллагааны ололт амжилт, шинэ сэргэг арга барил, туршлагыг судлан танилцаж, өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласаар ирсэн.
Уг зөвлөгөөн нь дотроо Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлөөс ээлжит 39 дүгээр бага хурлыг Монгол Улс хариуцан зохион байгуулах эрх олгосноор 2019 оны есдүгээр сарын 22-26-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Бага хуралд Малайз Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Соломоны арал улсын Хүмүүжүүлэх аюулгүй байдал, цагдаагийн яамны Байнгын нарийн бичгийн дарга болон Япон, БНСУ, Баруун Австрали, Вьетнам, Малайз, БНХАУ, Сингапур зэрэг 17 улсын Хорих болон Засан хүмүүжүүлэх ерөнхий газар (удирдах байгууллага)-ын дарга нар тэргүүтэй 25 гишүүн орон, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнийг засан хүмүүжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ази, Алс дорнодын хүрээлэн, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг зэрэг олон улсын хоёр байгууллага гээд 27 орны 137 төлөөлөгч оролцсон.
-Хуралд оролцогчид Монгол Улсын хорих байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөлийг хэрхэн үнэлж, дүгнэсэн бол?
-Зочид, төлөөлөгчдийг ШШГЕГ-ын харьяа 409, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ-наас хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, хоригдолд бичиг үсгийн болон дээд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, ажил, хөдөлмөр эрхлүүлэх, тэднийг нийгэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр оновчтой, үр дүнтэй болсныг Бага хурлын төлөөлөгчид дүгнэн сайшааж байлаа. Хоригдогсдын амьдрах орчин, нөхцөл, эрүүл ахуй, эмнэлгийн үйлчилгээг хүний эрхийн байгууллагуудаас тавигддаг шаардлагуудыг хангаж бодит амжилтад хүрснийг өндрөөр үнэлж, биднээс сурч, санаа авах, цаашид өөрийн орондоо нэвтрүүлэн хэрэгжүүлэх зүйл их байгааг төлөөлөгчид хэлж байсан.
-Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хорих анги, байгууллагын телекамерын системийг шинэчлэхээр тусгасаны дагуу нийт хорих анги, байгууллагад ашиглаж байгаа телекамерын 85 хувийг дүрсний өндөр чанартай тоон технологийн телекамераар сольсон. Ингэснээр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, баримтжуулах, алба хаагчдын хяналт тавих нөхцөл бололцоо илүү сайжрах ач холбогдолтойгоос гадна Улаанбаатар хотоос орон нутгийн хорих анги, байгууллагын үйл ажиллагааг хянах хяналтын орчныг бүрдүүлсэн. Цаашид ч орчин үеийн техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлэхээр зорьж байна