Зах худалдааны төвүүдийг ХААХГҮЙ
Шинэ төрлийн титэм вирус болох 2019-nCoV хүнээс хүнд халдварлах чадвар нь улам хурдацтай нэмэгдэж байгаа дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Манай улсад одоогоор титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч олон нийтийн цахим хэрэгслээр нөхцөл байдал хүндэрсэн тул хүнсний зах, худалдааны төвүүдийг маргаашнаас хаахаар болсон зэрэг мэдээлэл тархаад байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийхдээ "Зах, худалдааны төвүүд зэрэг олны хөл хөдөлгөөн ихтэй газрууд ариутгал, халдваргүйжилтийг сайтар хангаж ажиллах ёстой. Хэрэв нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд зах худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авна" хэмээж байсан.
Харин одоогоор манай улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй нөхцөл байдал харьцангуй тайван байгаа. Иймд ард иргэд зах худалдааны төвүүдийг хаах тухай ташаа мэдээлэлд төөрөгдөхгүй тайван байхыг албаныхан санууллаа.