Монгол ёс заншлаа мэддэггүй бол битгий дэмийр!
Ойрд уулзаагүй танил зохиолч нөхөр маань мэнд усаа мэдэнгүүт л “миний монгол яана даа” гээд толгойгоо барьж билээ.
За хө юу болов оо гэвэл -Нэг сонинд Монголоо алдсан гэмээр санаа, үг үсэгтэй нийтлэл гарсныг уншлаа. Энэ залуу үеийнхэн чинь монгол хүн гэдгээ ч мартаж. Ганц тэр монголоосоо хөндийрч гадаадыг шүтэн амьдардаг К.Номинжин гэдэг бүсгүй биш тийм “амьтад” ч бүр олширч дээ хөөрхий гээд санаа алдав.
Би ч ойлголоо л доо. Тэр бүсгүй дуулдаг, хуурддаг, ямар хоол хүнс хэрэглэдэг нь хамаа алга. Гагцхүү монгол амьдрал мэдэхгүйгээ хөөрлөж ямаа төхөөрч буй бичлэгийг ноолуурыг нь ингэж авдаг болгож сощиалд тавьж шуугиан тарьсан нь саяхан. Тэгээд ч зогссонгүй ямааг тарчлаан зовоож авдаг гээд ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан байдаг.
Энэ тухайд тэр харь сэтгэлгээнд хордсон Номинжинг буруутгаад ч яахав. Засал авахгүй хүн биз. Харин ноолуур бэлтгэх буюу ямаа самнана гэдэг тийм аймшигтай юм биш. Монголын ноолууран бүтээгдэхүүн дэлхийд гайхагдах брэнд болоод байгааг хэлэх нь зүйтэй байх.
Ноолуураар дэлхийд гоёх цаг хаяанд иржээ. Монголчууд ч түүнээс хожигдоогүй ээ.
Хөдөөнийхөн хүртэл дээлийн торго бэлгэнд авахын оронд ноолууран хувцас сонирхдог болсон цаг шүү дээ.
Ноолуур бэлтгэх уламжлалт арга технологи бол монгол ахуй, малч ухааны нэгэн хэсэг нь. Яаж ч хэлээд шүүмжилж муулаад ямаанаас ноолуурыг авах аргыг өөрчлөмгүй юм. Цаашлаад Номинжингийн дэгдээсэн шуугианд нэмэрлэсэн монголчууд малдаа хамгийн харгис бүдүүлэг ханддаг, тамлан зовоодог гэсэн нэмэртэй хачин гайхмаар санаа бодлын дагуу жаахан яриа өрнүүлье гэж бодлоо.
Уламжлалт ёс гэж мэдэхгүй хий хоосон сэтгэгч нэгэн бичихдээ уг бүсгүйг орчин цагийн монгол хүн болохоороо /шинэ монгол адуу гэдэг шиг/ маш зөвийг олж харжээ гэжээ. Тэгээд мал дээр өссөн малын дэргэд шахуу байгаа бид чинь анзаардаггүй байжээ гэж мунгинажээ. За тийм ээ ёстой л малын дэргэд шахуу тэгэхдээ тун хол байсан юм шиг байна л даа хэлж байгаа нь. Монголчууд малаа таван эрдэнэ гэж өргөмжилдөг. Тэгж ч магтаж дуулж ирсэн түмэн шүү дээ. Монгол ёс өв уламжлалаа дээдэлж байх нь монгол хүн байхын утга учир ч гэж хэлж болно.
Ер нь бидний Монголын олон мянган жилийн өмнөөс өвлөн дээдэлж ирсэн ёс заншил, зан үйл нь бүхэлдээ өнөөгийн хэдэн жил болоод л засч залруулж байдаг хуулиудаас илүү үнэ цэнэтэй зүйл билээ. Харин сүүлийн үед малч ухааныг төгс эзэмшсэн нь цөөрч малтайгаа буруу харьцаг, элдвээр хараахаас эхлээд зоддог, нүддэг хүн байдгийг үгүйсгэх гэсэнгүй ээ. Бас техник, технологийн хөгжлийг дагаад боловсронгуй болгох юм байж ч болох.
Өвгө дээдэс маань бидний багад мал руу чулуу шидсэн, унасан унааныхаа толгой руу цохьсон, шавхуурдсан хүнийг “Монголоо алдмар” гэж зэмлэдэг байсансан.
Тэгэхээр үеийн үед өвлөн тээж ирсэн монгол ёс заншил гэдэг гээж болшгүй эрдэнэ мэт зүйл. Тэгтэл монголчууд малаа тамладаг эмгэнэлтэй нэг үйлдэл бол өлсгөж, хөлдөөж алдаг гэсэн байх юм. Бүр сүрэг сүргээр нь алдаг гэжээ.
Энэ нь зудад малаа үхүүлэхийг шуудхан алдаг гэж хэлсэн байгаа. Үнэхээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа юм бол зуд нүүрлэхийн өмнө нөмөр нөөлөгтэй дулаан газар нүүгээд очихгүй яасан юм бэ гэж. Энэ нь Монголд зуд болох учир халуун орон руу нүү гэсэн санаа ч юм шиг санагдав.
Уг нь малчид боломжоороо отор нүүдэл хийгээд байгаа. Тэгвэл монголчууд зудтай, зунтай хорвоод олон мянган жил амьдарсаар ирэхдээ зудад малаа алдахыг хөлдөөж өлсгөж алсан гэж бодож тэгж тооцогдож яваагүй л дээ.
Харин зуд зулагтайн үрээр дахин малжиж, хөлжиж ирсэн. Бас тэгвэл бидний монголчуудын малдаа харгис хэрцгий хандаж ирсэн нэг жишээ нь эмнэг хангалаа уналга эдэлгээнд сургаж ирсэн арга барил гэж бичсэн байх юм.
Бүр эмнэг адуугаа уургалж бариад ноцож чихдээд, хазаарлаж цоровдож байгаад эмээллээд мордож булгиулах нь тамлалт төдийгүй монголчууд залхуугаасаа болж тийм зэрлэг арга хэрэглэдэг гэснийг уншаад хайран ч үзэг бэх гэж бодогдсон.
Гадаадынхан адууг унаганаас нь аманд нь ёотон хийж өгснөөр дасгаж чаддаг. Монгол шиг харгис арга хэрэглэдэггүй гэжээ. Хадуурлаа гэхэд тун ч холуур хадуурч байгаа нь энэ. 700-800 адуутай малчин жилд 200 унага авлаа гэхэд гадаадынхан ингэдэг гээд ёотонгоор номхруулах гэвэл зарлага нь хэцүү болно доо.
Харин ч монгол эрчүүд багаасаа эмнэг хангалтай ноцолдож эр чадал суудаг нь үнэн.
Одоо ч гэсэн энэ бүхнийг монгол бахархал хэмээн үзэж уургач бугуйлчид, эмнэг сургагчдын уралдаан тэмцээн хүртэл хийдэг болсон. Аливаа үндэстний бусдаас ялгарах шинж нь хэл яриа төдий биш ийм л ёс, зан үйлээр Монголынхоо нэр нүүрийг авч яваа. Монгол гэж гайхуулах юмны нэг энэ л дээ.
Мал хөнгөлөх, агтлахыг бас зэрлэг бүдүүлэг зан үйл гэж бичихдээ энэ тухайд харь юм шиг санаагаа илэрхийлж малыг хөнгөлөхийн өмнө өвчин намдаах уусмал уулгах, тариа хийх нь зөв гэсэн байна. Үүнийг сонссон танил малчин хэлэхдээ: -Жилийн жилд 400-500 хурга, ишиг хөнгөлөхөд хийх тэр өвчин намдаах тариагаар хэн биднийг хангах юм бэ. Шүлхийн вакциныг манайх гадаадаас авдаг, хүрэлцээ муу байдаг. Тийм байхад хурга, ишиг бүрт өвчин намдаагч хэрэглэнэ гэдэг чинь өвс ногоонд тогтсон шүүдрийн усаар цай чанахын үлгэр байгаа даа гэж гайхангуй ярьсан юм. Мал хөнгөлөх монгол ёсон гэж бий. Зуны эхэн сард сондгой тооллын өдрийг сонгож хиншүү хярвас уугиулахаас эхлээд гэрийн баруун талд цагаан эсгий дэвсээд дээр нь үйлийг үргэлжлүүлж зассан хургаа босгохдоо хажуулдуулж тавьсан багана юм уу даллагын сум дээгүүр харайлгаж “Өднөөс хөнгөн сумнаас хурдан, дүр дүр суухаа” хэмээн ерөөл хэлдэг. Ийм л ариухан ёс заншил байдаг.
1960-аад онд юмдаг. Байберцоны гэх аргаар мал хөнгөлөхийг Монголд экспортлосон байгаа юм. Энэ арга нь малын засааг бүрэн авахгүйгээр зөвхөн уургийг нь шахаж авдаг юм байж. Үүнийг хэрэглэсний дараа малчид хотоороо дүүрэн асман малтай болж хөглөсөн удаа бий. Тэгэхээр уламжлалт арга маань хөндөшгүй нь батлагдсан гэж болох.
Ер нь хуучин ёс заншил эвдэгдэж юмс эргэж хөрвөхөд хүний муу араншин хурц илэрч урьд хойно үзэж дуулаагүй элдэв гаж буруу бодол санаа ил болдог ч юм уу. Нэгэн бичигч монголчуудын унага тамгалах үйл нь бас харгислал юм гээд нялх амьтныг улайсгасан төмрөөр түлж сорви тогтоож байгаагаа монголчууд намар цагийн том найр гэж үздэг. Энэ нь дэлхийд байхгүй харгис үйл гэсэн байна лээ. Тийм ээ дэлхийд байхгүй нь чухам үнэн. Гэхдээ харгислал биш түүхэн уламжлалт ёсон юм л даа. Малч эрдмийн нэгэн түүх гэж болно.
Монгол түмэн олон зуун мянган жилийн өмнө үед адууг гаршуулсан тэр үеэс эхлэлтэй ёс заншил байх. Адуугаа тамгалдаг нь Монгол овог аймгийн гарал үүсэл, хаадын угсаа залгамжлах ёс ёмботой ч салшгүй холбоотой гэж түүхэнд тэмдэглэсэн бий.
Утга нь гэвэл өмчийн ялгааг илэрхийлэх урт удаан жилийн түүхтэй ёсон. Эрдэмтэн судлаачид монголчууд 1000 гаруй дүрсийн тамгатай байсан гэсэн бий. Үүнийгээ хад чулуунаас олж тогтоосон бөгөөд нүүдэлч түмний соёл, итгэл бишрэл, оюун ухааны билгэдэл шингэсэн зүйл гэж үздэг. Хэнтийн нутагт оршдог Рашаан хаднаа гэхэд 300 гаруй тамганы дүрс хадгалагдаж үлдсэн. Өнөөгийнхөн өдөр бүхэн харж байдаг нэгэн тамганы хөшөө Төр, засгийн ордны арын цэцэрлэгт байдаг. Тэр хөшөөний суурь дээр мөн л олон тамганы дүрс байгаа шүү дээ. Тэгэхээр монголчууд малаа тамгалах ёсыг дээдэлж, тамгаа хүндтэй байранд залж ирсний баталгаа энэ. Нэрт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн “Малчин” шүлэгт
Албаны тамгатай бичгийг униндаа хавчуулж мартдаг ч
Адууныхаа тамгын болохоор хадганд боож нандигнасан гэж гардаг даа.
Чингисийн эр хоёр загалаас эхлээд тамгагүй адуу Монголд байгаагүйг түүх гэрчилдэг.
Тамгыг газар тавьдаггүйгээс эхлээд газар тамгалбал “мал барагддаг” гэсэн цээрлэл бас бий.
Мөн ёс ёмбогор, төр түмбэгэр гэсэн өвөг дээдсийн маань зан үйлээ дээдэлсэн монгол түмний шившлэг үг ч нэгийг ухааруулдаг.
Энэ мэтээр монголчууд малдаа зэрлэг, харгисаар хандаж байна. Шоконд оруулж байна гэсэн зэвүүцэм үгийн хариу болгож бичих юм зөндөө л байна.
Худлаа цэцэрхэж уламжлалаа мэддэггүй байж дэмийрэх нь хэрэггүй л дээ. Монголчууд малдаа ханддаг зэрлэг бүдүүлэг арга барилаа гээхгүй бол малаа маллахыг нь хориглох болж л магадгүй гээд хуучирсан бүхнээс салахгүй бол Монгол Улс дэлхийгээс шахагдах вий гэсэн тэнэг болгоомжлолыг нь хэн ч битгий анзаараасай билээ.
Монгол минь амьдралынхаа цаг мөч алхам бүрт хэнээр ч заалгахгүй ариун нандин ёс заншил, уламжлалтай юм шүү.
Авдар дотроо судар минь байдаг
Агтны нуруунд гэр минь багтдаг гэсэн үгээр нийтлэлээ төгсгөюү.
Ц.Жаргалсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин