ЦЕГ: Европын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд өнөөдөр /2020.01.22/ Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.
Ноён Марко Ферри Монгол Улсын цагдаагийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд олон төрлийн тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангах, алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Энэ дашрамд дурдахад өнгөрсөн 2019 онд Европын холбооноос “Олон Улсын Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр Монгол улсын цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй ажлыг үнэлж “Хүүхдийн эрх хамгаалагч” шагналыг олгосон юм.
Эх сурвалж: ЦЕГ
|