Д.БАЯНМӨНХ: Хэн нэгэн танил, ойр дотны хүний ярьсан гоё сайхан ярианд итгэхээсээ урьтаж нягтлах хэрэгтэй
Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк, Монгол банкны холбоотой хамтраад 2020 онд иргэдийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлсэн байна. Тус аяныг орон даяар хэрэгжүүлж байгаад бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баянмөнхтэй ярилцлаа.
-ЦЕГ-аас иргэдийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ятгах тусам нь нягтал” аяныг эхлүүлээд байна. Тэгвэл танай хамт олон энэ аяны хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ ?
-Цагдаагийн байгууллагын хувьд иргэдрүүгээ чиглэсэн хамгийн эхний арга хэмжээ болох “Ятгах тусам нь нягтал” аяныг эхлүүлээд байна. Манай тасгаас тус аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулаад төлөвлөгөөний дагуу ажлуудыг эхлүүлээд явж байна. Үүнээсээ дурдвал, юун түрүүнд Мөрдөн байцаах албанаас хийж бэлтгэсэн урьдчилан сэргийлэх ведио, шторкуудыг гудамж талбайд байдаг дэлгэцүүдээр тавьж олон нийтэд түгээж байна. Мөн энэ талын мэдээлэл өгөх зурагт хуудсуудыг мөрдөн байцаах албанаас тараасан байна. Энэ хуудсуудыг хүн ам хамгийн их төвлөрсөн газар, мөн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сайтад байршуулсан байна. Мөн сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд дээр очиж энэ талын гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн яриа хийж байна. Мөн Юнител ХХК хамтран Юнителийн нийт хэрэглэгч нартаа эд нарт боломж бүү олго гэсэн сэрэмжлүүлгийн мессэжүүдийг тараасан. Үүнээс гадна сошиал орчинд идэвхтэй байдаг олны танил хүмүүсийг энэ аянд нэгдүүлж, бусдад уриалж ажиллаж байна.
-2019 оны хувьд танай дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр энэ төрлийн гэмт хэрэг, хэд хичнээн бүртгэгдэж байсан бэ ? Ер нь энэ төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн хичнээн хувийг эзэлдэг вэ ?
-Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс бол нийтдээ дүүргийн 13 хороог хариуцаж ажилдаг. Дүүргийн нэгдүгээр хэлтэсийнхээ хэмжээнд авч үзвэл нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50 буюу түүнээс дээш хувийг залилах гэмт хэрэг эзэлдэг. 2017 онд 220 бүртгэгдэж байсан бол 2018 онд 586 бүртгэгдэж дөрөв дахин өссөн байдаг бол 2019 оны хувьд 653 бүртгэгдэж мөн өмнөх оноосоо зуу гаруй нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Залилах гэмт хэрэг бол хохирол хор уршиг ихтэй. Хүний өөрийн шударга хөдөлмөрөөр олсон мөнгийг залилагч этгээд ямар нэгэн байдлаар хүнийг хууран мэхэлж өөрийнхөө мэдэлд шилжүүлдэг.
-Залилах гэмт хэргийн хувьд нилээд олон төрөлтэй. Танай дээр аль төрлийн гэмт хэрэг түлхүү гарч байна вэ ?
-Залилан гэмт хэргийн голлож байгаа нь пирамид буюу луйврын гэмт хэрэг. Мөн иргэдийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж залилдаг. Мөн сүүлийн үед цахим хэрэгсэлрүү нь нууцаар орж танил хүмүүсрүү нь мөнгө зээлэх, мөнгө нэхэх харилцаа үүсч байна. Хамгийн их сэтгэл эмзэглэмээр залилан бол визний залилан байна. Тухайн хохирогч хамаг байдаг эд хөрөнгөө виз авахад зориулдаг. Учир нь гадаадад очиж ажиллаад мөнгөтэй болно гэж бодож виз авахад хамаг эд хөрөнгөө зарцуулчихдаг. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болвол тухайн хүн маань ямар ч эд хөрөнгөгүй, өөрөөр хэлбэл амьдралаа дахиад тэгээс эхлэх болж байна гэсэн үг юм.
-Иргэд маань иймэрхүү олон нийтийн сүлжээ, зард автахгүй, хууртахгүй байхын тулд юунд илүү анхаарах ёстой вэ?
Ард иргэд хамгийн гол нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайн нягталж шалгах, тухайн зарын эзэн, аж ахуйн нэгжийн хүмүүстэй очиж уулзах, тухайн аж ахуйн нэгж нь улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, хэдэн жил тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг явуулж байгаа зэргийг хамгийн түрүүнд шалгах шаардлагатай байна. Үнэн бодит, хууль ёсны эсэхийг нь нягталсны дараа мөнгөө өгөх, шилжүүлэх үйлдлийг хийх хэрэгтэй байна. "Ятгах тусам нь сайн нягтлах" хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс хэн нэгэн танил, ойр дотны хүний ярьсан гоё сайхан яриагаар мөнгө төгрөгөө бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна.
-Нэгэнт залилуулсан нь тодорхой болсон үед иргэд хаана хэнд хандах ёстой вэ?
Иргэд мөнгөө бусдад залилуулсан талаар мэдсэн даруйдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдлоо өгөх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.