ТЦА: Сурагчдын хичээл эхэлж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриаллаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 444 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, 2020 нэгдүгээр сарын 18-ны 15:20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй нас барсан харамсалтай осол гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.
Харин ослын улмаас 7 хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний 5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.
Сэрэмжлүүлэг: Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө 1 хором тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.
Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж хичээл сургуульдаа орж байгаа тул анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас уриаллаа.