Ц.Содномцэрэн: Фэйсбүүк компаниас Уих-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монголд төлөөллөө ажиллуулна
- ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙН ДАРААЧИЙН ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО-
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнтэй ярилцлаа.
-Шинэ батлагдсан сонгуулийн хууль ямар онцлогтой юм бэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна.
Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатыг тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно. Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. Ерөнхийдөө тэр жишгээр тойрог, мандат хуваарилах байх. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана. Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлнэ.
-2020 оны сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, үйлчилгээ хийх ажлууд өнгөрсөн онд хийгдсэн. 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд л манай техник хэрэгсэл үндсэндээ 100 хувь бэлэн байдалд шилжчихсэн байж байсан.
Мөн УИХ-ын сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар журам, загвар маягтуудыг боловсруулах ажилдаа ороод явж байна. Энэ ажил 2020 оны нэгдүгээр улиралд багтаад Сонгуулийн ерөнхий хороогоор орж хэлэлцэгдээд журам, заавар, загвар маягтууд батлагдаж, бэлэн болно.
-2020 оны Сонгуулийн цаг хугацааны хуваарийг боловсруулж дуусч байгаа юу?
-Цаг хугацааны хуваарийг боловсруулаад үндсэндээ дуусч байгаа. Сонгууль товлон зарлагдаад санал авах өдөр УИХ-аас тогтоол гараад тодорхой болох юм бол цаг хугацаанынхаа хуваарийг баталж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Энэ үед цаг хугацааныхаа хуваарийг танилцуулна.
-Сонгуулийн ажлын хэсгүүдийг хэрхэн байгуулах вэ?
-Автоматжуулсан системтэй холбоотой тагнуул, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдана. Түүнчлэн сонгуулийн байгууллагууд хугацаандаа байгуулагдана. Энэ сонгуулийн байгууллагуудад төрийн албан хаагчид орж ажилладаг. Төрийн албан хаагчдын судалгааг бид гаргаж байгаа. Түүнчлэн сонгуулийн хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд байдаг. Энэ байгууллагуудтайгаа хамтраад гаргах журмууд бий. Энэ журмыг гаргахын тулд ажлын хэсгүүд байгуулагдана. Журмынхаа төсөл дээр хамтран ажиллана. Мөн саналын хуудасны тоо хэмжээ, загварыг СЕХ батална. Өмнөх томсгосон тойргоор явж байсан саналын хуудасны загварыг гаргаж судалгаа хийж байна.
-Санал авах өдрийг хэднээр тооцож байгаа вэ?
-Санал авах өдрийг СЕХ зургадугаар сарын 24-нөөр санал оруулчихаад байгаа. Энэ бол лхагва гариг. Яагаад заавал лхагва гариг вэ гэхээр пүрэв, баасан гаригт санал авахаар хүмүүс амраад явчихдаг. Дараа өдөр нь хагас бүтэн сайн байгаа болохоор. Тиймээс энэ өдрийг сонгосон.
-Сонгуулийн сурталчилгаа хэд хоног үргэлжлэх вэ?
-Сонгууль болохоос 22 хоногийн өмнө эхэлнэ. Нэг хоногийн өмнө дуусна гэхээр 21 хоног гэсэн үг.
-Цахимаар хэрхэн сонгуулийн сурталчилгааг явуулах вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хороо энэ талаар мэдээлэл хийсэн шүү дээ. Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.
-Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр хэрхэн арга хэмжээ авах вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгааг зогсоосон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.
-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?
-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн.
Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг.
-Тойрог, мандатын хуваарилалт дээр нийслэлд тэд, орон нутагт тэд гэж зааж өгөх санал явуулсан уу?
-1992 оны сонгууль томсгосон тойргоор явж байсан. 2008 онд томсгосон олон мандаттай мажоритараар явсан. Тэр сонгуулиудад тойрог, мандатыг хэрхэн хуваарилж байсан талаарх судалгааг Их хуралд хүргүүлсэн.
-Шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртэлх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Сонгуулийн дараа буцаад нээгдэнэ. Сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгнө.
-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараадаг асуудлыг яах вэ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй.
-Санал хураалтын машины программд халдах эрсдэлтэй гэдэг. Хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг 2012 онд баталсан. Нэгэнт УИХ хууль гаргачихсан учраас автоматжуулсан системээ хэрэглэнэ. Өмнө нь саналыг гараар тоолдог байхад санал авах өдрөөс хойш долоо хоногийн дараа дүн гардаг байсан.
Харин одоо санал хураалт дуусаад хэдхэн секундын дараа мэдээлэл нь ирдэг болсон. Төрийн байгууллагуудын байнгын хяналтад байдаг. Сонгуулиас өмнө ТЕГ, ХХЗХ, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг гарч, программчлал болоод хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, гэрчилгээжүүлдэг. Энэ жил саналын 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ. Өмнөх сонгуулийн үед 76 тойрогт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрөөгүй. Нэг ч гомдол ирээгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин