УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргүүдийг шалгах ажлыг хууль сахиулагчид эрчимжүүлжээ
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгаж буй ч өдгөө хэрхсэн нь тодорхойгүй нэлээд удлаа. Түүнтэй хамт удирдлагад ажилладаг нэг бус хүнийг шалгасан ч хэрэг нь шийдэгдэхгүй байгаа юм. Хууль сахиулах байгууллагынхан ажлынх нь болон хувийнх нь компанийн байранд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримт ч хурааж байсныг зарим уншигч мартаагүй биз. Д.Жигжиднямаа нарт холбогдох, хэрхсэн нь тодорхойгүй байгаа хэргүүд ямар шатанд буйг нэхэн сурвалжиллаа.
ДӨРВӨН ТЭРБУМЫН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ХҮРГҮҮЛСЭН Ч ЗАМХРАВ
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь байранд нэгжлэг хийж байсан билээ. Уг хэргийг шалгаж дуусаад 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн аж. Харамсалтай нь прокурорууд уг хэргийг шийдэлгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх юм билээ. Түүнээс хойш хэргийн сураг тасарсан. Өгүүлэн буй энэ үйлдэл нь чухам юм байв гэдгийг эргэн сануулъя. Д.Жигжиднямаа олон улсын тээвэр зуучийн “Фрейт Коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд хэргийг шалгаж байх үед тус компанийнхаа 33 хувийг нь эзэмшдэг байсан гэдэг.
Уг албан тушаалыг хашиж байхдаа 2013-2017 оны хооронд бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, хувь хүний орлогын албан татварыг суутган авсан ч төсөвт 356 сая 519 мянга гаруй төгрөг төлөөгүй зөрчилд нь тавьсан 35.6 сая төгрөгийн торгуулиа барагдуулаагүй байж. Мөн НӨАТ-ын борлуулалтын орлогын жилийн дүнгээр тооцоо хийлгүй, дутуу тооцсон хоёр тэрбум 47 сая гаруй төгрөгийн зөрчилд 204 сая, борлуулалтын орлогыг дутуу тооцсон 1.6 тэрбум төгрөгийн зөрчилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцоогүй зөрчилд 166.5 сая гээд нийт дөрвөн тэрбум 69 сая илүү төгрөгт ногдох 406.9 сая төгрөгийн онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор түүнд ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэрэгт холбогдсон юм.
Уг зөрчлийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар илрүүлж, 2018 оны зургадугаар сард дүгнэлт гаргасан байдаг. Түүндээ хууль зөрчсөн, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй тул хүү, торгууль, алданги тооцсон байна. ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид уг хэрэгт хоёр ч удаа дүгнэлт гаргажээ. Улмаар хууль сахиулах байгууллагынхан Д.Жигжиднямааг дөрвөн тэрбумын татвараас зайлсхийх зорилгоор 406 сая гаруй төгрөгийн татвар төлөх орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон нь нотлогдсон хэмээн түүнд холбогдох 184100016... дугаартай эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байсан билээ.
ОРОСУУДТАЙ ХАМТРАН МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЭЛ МАРТАГДАВ
УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнуудын ажлын өрөөнд 2018 оны гуравдугаар сарын эхээр нэгжлэг хийж, уг хэрэгт холбогдуулан ОХУ-ын иргэнийг цагдан хорьж шалгах саналаа шүүхэд гаргасан ч уг дуулиант үйл явдал тэгсхийгээд мартагдсан.
ОХУ-ын “Трансмашхолдинг сервис”-ийн охин компани болох “Трансмашхолдинг сервис Монгол” (ТМХС Монгол) гэх компанийг төлөөлж, УБТЗ-тай гэрээ байгуулж, гарын үсэг зуран, мөнгө завшдаг байж болзошгүй хэмээн тухайн үед сэжиглэж байсан билээ. Тэрбээр Зүтгүүрийн албаны дарга хэрнээ зүтгүүрийн засвар үйлчилгээ хийхэд “ТМХС Монгол”-ыг төлөөлж УБТЗ-ын удирдлагатай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан хэрэгт сэрдэгдсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2010 онд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “ТМХС Монгол” компанитай анх гэрээ байгуулсан гэдэг. Дээрх хэргийг шалгаж эхлэх үед эх сурвалжууд “ТМХС Монгол” ХХК-д УБТЗ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар хийх, сэлбэг худалдан авах зэрэг ажил гүйцэтгэсэн хэмээн 2010-2016 онд нийт 78 тэрбум төгрөг шилжүүлсэн нь сэжигтэй гүйлгээ байсан учраас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний анхаарлыг татаж, шалгах болсон” гэж байв. “ТМХС Монгол” нэг цагт 60 000 төгрөг авахын зэрэгцээ зүтгүүр эвдэрсэн тохиолдолд бүх л зардлыг УБТЗ-аас гаргуулдаг нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг 2016 онд УБТЗ-ынхан дотооддоо хэлэлцэж, тус компанийг юу ч хийхгүй атлаа мөнгө авч байна, Монголын инженер, техникийн ажилтнууд одоо ашиглаж буй “2Д116” загварын зүтгүүрийг өөрсдөө засаж, угсарч чадна” хэмээн УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатар гэрээг нь цуцалж байсан аж. Гэвч Д.Жигжиднямаа 2016 онд УБТЗ-ын дарга болоод гэрээг сэргээсэн нь бүлэглэн эд хөрөнгө завшсан үйлдэл байж болзошгүй гэж ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн байдаг. Харамсалтай нь энэ хэргийн хувь заяа мөн л тодорхойгүй болсон юм.
УБТЗ-ЫН ДАРГАТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ АТГ ШАЛГАСААР БАЙНА
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн цөөнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөг болтол шийдэгдээгүй. “Хууль сахиулах байгууллагуудад шалгаж байгаа, Д.Жигжиднямаад холбогдох хэргүүдийг улстөрч, АТГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан эрхэм, мөн прокурорын байгууллагын дээгүүр албан тушаалтан хаацайлдаг байж болзошгүй. Тиймээс түүнд холбогдох олон хэрэг шийдэгдэхгүй байна” хэмээн хардах хүн цөөнгүй.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Д.Жигжиднямаад холбогдох оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын зам засварын машин өндөр үнээр худалдан авсан, хууль зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх хэргийн шалгаж буй билээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас “УБТЗ-ын даргаар ажиллаж буй Д.Жигжиднямаад 2017 оны есдүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106... дугаартай, мөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173... дугаартай эрүүгийн хоёр ч хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээлсэн. Тэдний нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг зөрчин ачааны 1000 вагон оруулж ирсэн гэх хэрэг. Уг журмын 4.1.3-т “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 (гуравны нэг)-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалт байдаг бөгөөд 2017 оны есдүгээр сарын 20-нд УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа худалдан авагчийг төлөөлж, нийлүүлэгч “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нарын байгуулсан гэрээний хавсралт дахь вагон нэг бүрийн үнийн дүн нь 620 000 рубль байдаг аж. Харин үйлдвэрлэсэн хугацаа нь 1994-1995 оных. Өөрөөр хэлбэл, ашиглагдсанаас хойш 24-25 жил болж буй нь сайдын тушаал, журмаа зөрчсөн үйлдэл. Тиймээс энэ асуудалтай нь холбогдуулж шалгаж байгаа юм.
Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн хэвлэлийн хурал хийж “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа гуравдагч орон буюу Английн компаниар зуучлуулан зах зээлийн үнээс хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол нэг сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Монгол, Оросын хамтарсан УБТЗ-д хойд хөршийн үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” хэмээн мэдэгдэж байв. Үүнийх нь дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасаар байгаа бөгөөд хэсэг хугацаанд хэрэг нь шийдэгдэхгүй, “унтаа” байдалд орсон гэнэ. Тиймээс хэргийг шалгаж буй мөрдөгчийг өөрчлөн, шалгалтыг эрчимжүүлэх талаар холбогдох хяналтын байгууллагаас нь чиглэл өгсөн аж. Үүнд нь үндэслээд Д.Жигжиднямаа нарт холбогдох хэргийг шалгах ажлыг эрчимжүүлж буй сурагтай. АТГ-т зөвхөн дээрх хоёр үйлдлээс гадна тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэх мэт маш олон гомдол ирсэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй гэсэн.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин